Афганид Монголчууд буян хийж байна

40 орчим насны эмэгтэй очиж ил захидлын хэлбэртэй жижиг зураг зурж нэг ам.доллараар худалдаж ажлын гараагаа эхэлжээ. Тус улсад бүх үйлчилгээ ам.доллараар хийдэг юм байна. Около удалгүй өөрийн гэсэн хуримтлалтай болж үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэн байна. Тэрээр жижиг үйлдвэр байгуулж 25-30 ажлын байр гаргасан аж. Гэхдээ энэ ажлын байранд цагаар ч ажиллах боломжтой. Афганд амьжиргааны өртөг өндөр, бараа үйлчилгээ нэлээд үнэтэйд тооцогдоно. Энэ нь иргэдийн амьжиргаанд хүнд тусна. Тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хүнд тусна. Монголчуудын удам болсон хазар үндэстэнд ажил олдох нь бага. Дээр нь хамгийн хүнд, хямд хөлстэй ажлыг л хазарууд хийдэг аж.
Сонирхолтой нь хазарууд хэзээ нэгэн цагт монголчууд ирж авна гэдэгт итгэдэг гэнэ. Тэдний хүнд амьдралыг мэдэрсэн Около үйлдвэр байгуулж хазаруудыг ажиллуулж байна. Мөн өөрийн эрэгтэй дүүг татан авсан гэнэ. Түүний дүүтэй хамт тэдний ажлыг дэмжих зорилгоор бас нэгэн эмэгтэй Афганистанд очжээ. Афганд эмэгтэйчүүдийг задгай мөнгө гэж нэрлэх явдал ч байдаг гэнэ. Эрчүүд эхнэр авахын тулд эхнэр талынхандаа инж өгнө. Тэр нь нэг ямаа байж болно. Монголчуудын байгуулсан үйлдвэрт эмэгтэйчүүд нэхмэл хатгамал, эрэгтэйчүүд модон тоглоом, хүүхэлдэй зэргийг урладаг аж. Тэдний энэ буянт үйлсийн ачаар олон ядуу иргэд өдрийн хоолоо залгуулж байна.
Энэ хэрээр монголчуудын нэр өсч байгаа аж. Үйлдвэрлэсэн бараа хямдхан борлогддог боловч гүйлгээ нь нэмэгдэж байгаа гэнэ. Афган эмэгтэйчүүдийн гараар урласан хивс гайгүй үнэ хүрнэ. Гэхдээ монголчуудыг хамгаалсан тусдаа хамгаалалт байхгүй тул байнга дайны аюул заналхийлнэ. Афганд суугаа монголчуудын ганц хүсэл нь гурван хүүхдийг Монголдоо сургах. Афган хүүхдүүд монголчуудтай адил ой тогтоолт их сайн аж. Хүүхдүүд Монголд суралцахын тулд монгол хэл сурч байна. Около Афган хүүхдүүдийг сургахын тулд хэнд хандахаа мэдэхгүй байгаа гэнэ. Монголын Засгийн газар буурай хөгжилтэй орны хүүхдийг Засгийн газрын тусламжаар сургадаг эсэх мэдээлэл түүнд хэрэгтэй юм байна.
Нэмэгдэж очсон эмэгтэй цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд боломж гарвал цэцэрлэг байгуулан афган хүүхдүүдийг багаас нь зөв хүмүүжилтэй болгох зорилготой. Афган дахь хазарууд Монголд ирж амьдрах хүсэлтэй бөгөөд Монголын Засгийн газарт хандах хүсэлтэй боловч хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа гэнэ.
Д.БИНДЭРЪЯА