Ц.Энхтүвшин Завгүй ээж блог ажиллуулж, залуу үетэйгээ санал бодлоо солилцдог
төв, Хүүхдийн зохиолын Пен төвийн удирдах зөвлөлийн гишүүн, хүүхдийн зохиолч, яруу найрагч Ц.Энхтүвшинтэй уулзаж ярилцлаа.
-Аавыг тань Таксийн цоохор-ын Цэнд-Аюуш нэрээр монгол түмнийхээ дунд алдаршсан гэдгийг мэднэ. Хоёулаа танай аавын тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?
-Монголчууд бидэн шиг авьяас билэгтэй улс орон олон байхгүй байх. Жирийн нэг малчин, ажилтан хэн ч бай сайхан дуулчихна, ерөөл магтаал хэлнэ. Сэтгэл догдолсон үедээ хүмүүс хэдэн мөр шүлэг холбоно. Түүнтэй адил манай удамд ч тийм хүмүүс байсан. Одоо ч байгаа. Миний аав олон түмэнд Таксийн цоохор-ын хэмээн алдаршсан Цэнд-Аюуш гэж Монголын эстрадын ахмад дуучдын нэг байв. Аав маань сайхан дуулж бүжиглэж, жүжиглэж, тайз дэлгэцийн олон бүтээл туурвисан. Д.Пүрэвдоржийн шүлэг, С.Маяагийн ая Яая даа яая даа зүрх минь дуунд
Таксийн цоохор машин нь
Дайрчих шахаад өнгөрлөө
Ууртай ширүүн харсан чинь
Усан дагина байсныг мэдсэнгүй.. гээд аав минь дуулж явлаа шүү дээ.
-Аавын авьяасыг хэн нь авч үлдсэн бэ. Өөрөө шаггүй дуулдаг байлгүй?
-Миний дуулах яах вэ, манайх хүү, охин хоёртой. Манай охин гитар тоглоод хөөрхөн дуулчихдаг. Харин аавын авьяасыг манай том дүү Ц.Энхмандах илүү өвлөсөн гэж боддог. Тэр цагдаагийн ажилтай хошууч залуу бий. Гитар, аман хуур хоёроор зэрэг тоглож, бас дуулна. Дуучин С.Жавхлантай хамтран дуулж аавын үргэлжлэл болж яваад нь баярлаж суудаг даа.
-Уран бүтээлч гэр бүлийнхний амьдралыг манай уншигчид сонирхох нь мэдээж. Та гэр бүлээ танилцуулаач?
-Ханийг маань Д.Бат-Эрдэнэ гэдэг. Байлдааны нисэх онгоцны инженер мэргэжилтэй. Одоо чөлөөнд гарсан ахмад. Бид ханилаад гуч шахам жил болжээ. Бидний амьдрал бусдаас ялгагдах юмгүй. Хашаандаа ногоогоо тарьж, ачаа хараад л зав чөлөөндөө уран бүтээлээ тэрлээд л гүйж явна. Миний охин Б.Ганчимэг Японд амьдарч сурч байгаа юм. Охинтойгоо хоёулаа Монголын зохиолчдын эвлэлд элсээд гурван жилийн нүүрийг үзэж байна. Юм их сонин шүү, би чинь охиндоо хөтлөгдөөд хүүхдийн зохиолч болчихсон хүн дээ. Охиныхоо юм бичих авьяастайг нь олзуурхаад түүнийг их утга зохиолд дөртэй болгочих юмсан гэж бодож явсан чинь хоёулаа Монголын зохиолчдын эвлэлд элсээд эмэгтэй зохиолчийн тоог хоёроор нэмсэн гэж байгаа. Тэгэхээр ээж, охин хоёр үүрэг хариуцлагаа ухамсарлаад зохиол бүтээлээ туурвихаас өөр гарцгүй болсон доо. Аав маань шог хошин зохиол оролдож, жүжгийн зохиол олныг бичсэн нь охин бид хоёрт өвлөгдсөн юм байх даа.
-Ээж, охин хоёрын номыг хүүхдүүд их уншдаг нь анзаарагдсан. Шинээр ямар ном бүтээл туурвиж байна. Бас Завгүй ээж блог хөтлөн цахим ертөнцөөр аялж, найз нөхөдтэй болох дуртай болоод байгаа гэсэн үү?
-Охин бид хоёр ном гаргах хообийтой болоод уджээ. Алга дарам газрын амт, Он цагийн бороо, Хөх анир, Чиний төлөө, Бүжүүхэй зүүрмэгхэн хоёр, Зугаатай зуны амралт, Алдарнаахын нууц, Улаан малгайт, Өвгөдийн ухаан, Нүүдэл, Сарны хэлтэрхий. Төрийн элч ардын зарц гээд номын минь тoo нэмэгдсээр байна. Охин маань нэлээд багаасаа бичиж Хөлөндөө өндөгтэй унага, Жингэнүүрийн аялал, Хайрын бөмбөлөг, Дэгсхэн бодол зэрэг хэд хэдэн ном хэвлүүлснээс Наранзулын домог, Сунадаг автобус нь шилдгээр шалгарч нэг биш удаа хэвлэгдсэнийг * бодоход овоо ахиж байгаа юм байна даа гэж дотроо баярлаж суудаг. Би 29 дүгээр сургуульд ахлах тогоочоор хорь шахам жил ажилласан. Хүүхэдтэй ойр ажиллах болсон нь хүүхдийн уран бүтээл туурвихад нөлөөлсөн байх. Хүүхдийн ходоодыг нь хоолтой байлгах гэж ажилладаг байсан бол, оюун санааг нь тэтгэх хоол-ыг бүтээгч болсондоо баяртай байдаг. Завгүй ээж блогтой болсныг минь хүүхдүүд их сонирхоод байгаа. Би яагаад цахим ертөнцөөр аялж найз нөхөдтэй болж болохгүй гэж бодсон минь биеллээ олсон. Тэгээд Завгүй ээж блог ажиллуулж залуу үетэйгээ санал бодлоо солилцдог болоод удаж байна даа.
-Тогоочийн гарын хоол амттай байдаг шиг, бичсэн номууд тань уншигч олонтой байгаа биз.
-Би уг нь нийтийн хоолны технологийн инженер мэргэжилтэй. Нийтийн хоолны бэлтгэгч тогоочоос нь эхлээд технологич инженерээр дөч шахам жил ажилласан. Мөн Монголын мэдээ сонин, Техникийн ертөнц сонин, Хөдөөгийн бизнес мэдээ сэтгүүлд сурвалжлагчаар ажилласан шүү. Энэ хооронд дөч гаруй ном редакторласан. Ганц бахархууштай зүйл нь Сэлэнгэ пресс хэвлэлийн компанид Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-ийг ардын багш Ч.Авдай, доктор Г.Ловор, До.Цэнджав, Б.Дамдинсүрэн нартай хамт бүтээлээ. Сайхан ном гарна гэж найдан сэтгэл хангалуун байгаа.
-Та сүүлийн үед ямар ном уншив. Монголын ажил хэрэгч бүсгүйчүүдтэй хамтарч бас багагүй амжилтад хүрснийг тань мэдэх юм?
-Амьдрал энгийн тусмаа сайхан гэдэг. Гэвч хүн л юм хойно үр хүүхдээ өсгөх, амьдралаа авч явахын тулд өөрийн чадах бүхнээ хийдэг юм уу даа. Тогооч хийхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэргээн засалтын үндэсний төв мөн Ядуурлаас гарах судалгааны төвд хүртэл багшилж байсан. Сант марал судалгааны төвд арав шахам жил судлаачаар ажилласан гээд л ярих түүх их шүү. Одоо би Сод номуун төвийн удирдах зөвлөлд, Цагцгай эмэгтэйчүүдийн холбоонд ажиллаж байна. Тус төвийн тэргүүн Монгол роман-ы ганц хатагтай болсон Батын Лхагвасүрэн, Герман улсад сургууль төгссөн, зохиолч Б.Туяа, Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн охин С.Цэцэгмаа гээд л олон сайхан бүсгүйтэй номын цагаан буяныг дэлгэрүүлж явна даа. Сүүлийн үед Монголын түүхтэй холбоотой ном уншихыг их хичээж байна. Б.Сарантуяагийн Сорхогтуни хатан номыг уншсан нь бодлыг минь улам дэвэргэсэн. Бас Б.Янын Чингис хаан, Эцсийн тэнгис рүү хоёр номыг уншаад дуусч байна.
Г.ГАНБОЛД