Сакраменто хотноо Монголын соёлын төв нээгдлээ

Ситрус Хайтс хотноо болсон нээлтийн ёслолд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр, Ситрус Хайтс хотын дэд дарга Стив Миллер, Сакраменто хотын Сургуулиудын нэгдсэн дүүргийн газрын 6 дугаар хэсгийн зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Даррел Ву зэрэг албаны хүмүүс уг арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ төвийн үйл ажиллагаанд амжилт хүсч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэ үеэр урлагийн тоглолт хийж, Монгол орны тухай үзэсгэлэн дэлгэн толилуулсан нь Монгол орноо сурталчилсан, тус төвийн үйл ажиллагааны мөн чанар, зорилгыг олон нийтэд ойлгуулсан арга хэмжээ боллоо. Монголын соёлын төв эн түрүүнд Сакраменто хот орчимд амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл, дуу хөгжмийн хичээл заахаас гадна монгол иргэд, мөн Монголыг сонирхсон хэн бүхний очдог, Монгол Улсын тухай мэдээллээр хангах соёл, мэдээллийн төв болон өргөжин хөгжих юм.