17 мянга гаруй газрын зөвшөөрлөөс ердөө 50 орчим нь хуулийн дагуу олгогджээ
Улаанбаатар хотын захирагчийн тушаалаар газрын тухай хуулийн заалтуудыг зөрчин дүүргийн засаг дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглаж хотын суурьшлын бүсийн инжнерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дуудлага худалдаа төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон нийт 30 иргэн аж ахуй нэгжийн 90 га газар, нийт эдэлбэр газрын гудамж, зам талбайд газар эзэмших эрх олгосон нийт 25 иргэн, аж ахуй нэгжийн 2,3 га газар мөн төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн газар эзэмших эрх олгосон нийт 12 иргэн, аж ахуй нэгжийн 60,8 га газрын эрхийг хүчингүй болгожээ.
Дээрхээс авч үзвэл нийслэлийн бүх нутаг дэвсгэрийн газар хувь хүн ямар нэгэн албан байгууллагын мэдэлд очсон нь харагдаж байна. Гэтэл эдгээр нь бүгд хууль бусаар тэдний гарт орсон нь нэгэнт тодорхой болсон.
Нийслэлийн өмнөх засаг дарга болон дүүргүүдийн засаг дарга болоод бусад албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, эрх мэдлийн хүрэээнд бичиг баримт хууль бусаар бүрдүүлж газрын наймаа хийдэг байжээ хэмээн албаны хүмүүс мэдээлсэн. Тэд мөн газрын наймааг 2002 оны үеэс эхлэлтэй хэмээн хэлж байсан. Үүнээс харахад ердөө арав гаруйхан жилийн дотор хэсэг бүлэг нөхдүүд нийт ард түмний өмчийг хууль бусаар бие биедээ дамлан зарж хагартлаа баяжиж жирийн ард иргэдэд дөрвөн ханатай гэрээ овоолчих алга дарам газар олдохгүй уулын орой, үерийн ам тэрч бүү хэл талийгаачдийн газартай хаяа дэрлэн амьдарч байгаа билээ.
Мөн эрх ямбаа хэтрүүлэн ашигласан дарга нарын үсгээр цохуулсан газруудад нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна төрийн байгууллагын мэдлийн буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрууд цөөнгүй байсан нь ёстой л нөгөө мөнгө улаан, нүд цагаан болсныг харуулах шиг.
Сүүлийн жилүүдэд эмнэлг ийн хүрэлцээ муугаас авах ёстой тусламж үлйчилгээгээ авч чадалгүй эрүүл мэнд , амь насаараа хохирсон иргэд цөөнгүй. Төрөх эмнэлгийн ор хүрэлцдэггүйгээс нэг орон дээр хоёр ээж хоёр хүүхэд шахалдан хэвтэснээс болж эх нь хүүхдээ хөхөөрөө дарж алсан хэрэг хүртэл гарсан. Магадгүй эхийн буруу гэж зарим нэг нь үзэх ч нэг хүний зайтай орон дээр хэвтэж байсан бол хөөрхий бяцхан үр эцэг эхдээ аз жаргал бэлэглэн энэ хорвоод инээд нэмэн амьдарсаар л байх байсан.
Сургуулийн хүрэлцээ муугаас нэг анги 40-50 сурагч шахалдан суралцаж зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэн оройн 20 цагийн орчимд тарах нь энүүхэнд. Ийм орой тарсан сурагчид харанхуй гудамжинд гэмт хэргийн золиос болж ч байгаа. Сургуулийн хүрэлцээ ийм байхад цэцэрлэгийн асуудал бол бүр хүнд. Нийслэл хотод гэртээ цоожлуулан үлддэг 30 гаруй мянган хүүхэд байдаг гэсэн тооцоо бий.
Өргөн уудам тал хээр нутагаараа дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсад алга дарам газарт л эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих боломж бий. Даанч сэтгэл дутаад байх шиг. Эдгээрийг барьвал олох ашиг нь бага учир үүнийг хийхийг хүсэхгүй. Жаахан ч гэсэн газрыг нь зарж идэхийг илүүд үздэг болж.
Сүүлийн жилүүдэд 17 мянга гаруй газрын зөвшөөрөл олгосноос ердөө 50 орчим нь л хуулийн дагуу өөрөөр хэлбэл төсөл тендер зарлаж шалгаран газар эзэмших эрх авсан байна. Үүнээс харахад Монгол улсад шударга ёс үгүй болж авилга хээл хахуульд хэр их идэгдсэн нь ойлгомжтой байгаа юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн