100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилтийг 2013 онд гаргаж чадахгүй
хяналт тавих асуудлаар нээлттэй сонсгол зохион байгууллаа.
Нээлттэй сонсголд Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Сангийн яам, ЭЗХЯ, БХБЯ, ОССК, Хөгжлийн банк, Төрийн банкны удирдлагууд оролцож, 100 мянган айлын орон сууц төслийн зээлд хамрагдсан иргэд, гэрээ байгуулсан барилгын компанийнхны асуултад хариулт өглөө.
100 манган айлын орон сууц төслийн зээлд хамрагдсан иргэдийн байгуулсан түр хорооноос ирүүлсэн тоо баримт, арилжааны банкуудын тоо баримттай нийцэхгүй, Зээлийн санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар материалыг нь хүлээн аваагүй 2600 гаруй иргэн байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 1500 хүний асуудлыг шийдвэрлэсэн, үлдсэн 1000 гаруй хүнээс 200 нь өөр банкны эх үүсвэрээр зээл авсан тул ерөнхий дүнгээр 2400 хүний асуудал хүлээгдэж байгаа аж. Гэхдээ хэргийн учир хэдэн хүн гэдэгтээ бус, тэдний төлөхөд хүрээд байгаа алданги, барьцаа хөрөнгө зэрэг хүндрэл, дарамттай асуудалд байгаа тул эдгээрийг иргэдэд хохиролгүйгээр шийдвэрлэх ямар гарц байж болох талаар сонсголд оролцогчид тал бүрээс нь тунгаан хэлэлцсэн юм.
Холбогдох байгууллагынхны хэлж буйгаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдэд олгох зээлийн санхүүжилтийг 2013 оны төсөвт суулгаагүй, харин 2014,2015 оны төсөвт суулгуулахаар ажиллаж байгаа аж. Орон сууцны хөтөлбөрт хамрагдахаар өргөдлөө өгсөн 3988 иргэний материал Төрийн банкинд очсон байна. Хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 50 тэрбум, дараа нь 30 тэрбум төгрөг гаргажээ. Уг асуудлыг Төрийн банк, Хөгжлийн банк, Сангийн яамны хамтарсан гэрээний дагуу 2014 онд 50 тэрбум төгрөгийг хүүгийн хамт 2014 оны төсөвт суулгуулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төсөвт суугаагүй мөнгийг гаргах нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа. Тиймээс алдаагаа яаралтай засаж залруулах шаардлагатай гэдгийг сануулсан юм.
Өмнөх Засгийн газрын тогтоолоор 200 тэрбум төгрөгийн бонд гарга гэсэн үүргийн дагуу ОССК иргэдийн материалыг бүрдүүлжээ. Нэг зээлдэгчид 50 сая төгрөг өгөх журамтай юм байна. Харин одоо бол тус байгууллага иргэдийн материалыг хүлээж авахгүй байгаа юм байна.
Харин Төрийн банк өнөөдрийн байдлаар 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн шийдсэн учир энэ дүнд тааруулж 1700 хүний зээл олгохоор ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 1500 хүний зээлийг олгосон байна. Үлдэгдэл мөнгөөр 200 хүний асуудлыг шийдэх боломжтой юм байна.
Энэ үеэр ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат Орон сууцын хөтөлбөрийг өмнөх Засгийн газар мэдээж тодорхой тооцоо судалгаанд тулгуурлаж гаргасан байх. Бидний тооцоолсноор энэ бол дэндүү их тоо. Ойролцоогоор улсын төсвөөс жилд 7-8 тэрбум төгрөгийг хүүгийн зөрүүд өгөх юм. Зөвхөн 2000 айлын хувьд 20 жилийн туршид 140-160 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Хэрэв 100 мянган айл гэж тооцвол асар их тоо гарна. Тэгэхээр энэ бол улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний тоо юм.
Өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэр маш үндэслэл муутай шийдвэр байсан. 100 мянган иргэнд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоход жилдээ 450-700 тэрбум төгрөгийн зардал гарна. Нийт хөтөлбөрийн туршид 9-14 их наяд төгрөг шаардлагатай гэв.
Холбогдох байгууллагуудын мэдээлж буйгаар уг хөтөлбөр хэрэгжихэд их хүндрэлтэй байгаа учир байрны зээл авахаар барилгын компаниудад урьдчилгаа төлсөн иргэдийн мөнгийг буцааж олгох нь зүйтэй гэж байв.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас ийнхүү мэдээлэл авсны дараа Өмнөх Засгийн газрын 2012 оны хоёрдугаар сарын 20-ны 55 дугаар тогтоолоос эхлээд орон сууцны төсөл, хөтөлбөрийн мөн чанар гажиж, иргэдийн саналыг татах зорилготой сонгуульд зориулсан хөтөлбөр болж хувирсан. Тухайн үеийн Засгийн газрын алдаатай шийдвэрийг зогсоох үйлдэл хийгээгүйн улмаас иргэдэд хохирол учруулсан дарамттай шийдвэр гарчээ хэмээн дүгнэлээ.
В.Дондовдорж