Эрдэнэс МГЛ – д итгэж болох уу?
Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын ордуудад үнэлгээ ТЭЗҮ-ийг судлах ажлыг даалгалаа. Нэг үгээр төрийн давуу эрхийг Эрдэнэс МГЛ компани хэрэгжүүлнэ гэсэн үг. Монголын ард түмэнд байгалийн баялагаас ижил тэгш хувь хүртээх, стратегийн орд газруудад төрийг төлөөлөх зорилгоор Эрдэнэс МГЛ компанийг байгуулж байсан түүхтэй. Хаа нэг засгийн газрын шийдвэр тогтоол дээр нэр дурдагдаж энд тэндхийн ивээн тэтгэгч гэж харагддаг Эрдэнэс МГЛ компаний үйл ажиллагаа ард иргэдэд байгалийн баялагийг хувь тэнцүү хүртээсэн гэх юу л бол. Иргэд тэр болгон хаана ямар үйл ажиллагаа явуулаад байгааг нь мэддэггүй Эрдэнэс МГЛ-д итгэж болох уу гэдэг хардалт энд хэн хүнгүй төрнө. Сүүлд Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Оюутолгой-г байгуулсны дараа иргэд Эрдэнэс МГЛ компаний талаар мэдээлэлтэй болсон. Гэхдээ дээрх хоёр компаний толгой компани гэхээс цаашгүй. Эрдэнэс МГЛ-ийн талаар мэдээлэл мэдлэг дутмаг энэ компани олон нийтэд дэндүү хаалттай гэмээр.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Монголын талын хувь, Багануур ХК, Шивээ-Овоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсэн засгийн газрын цаад санаа юунд оршиж байна вэ? Энэ их хувьцааг ингээд л шилжүүлчих нь дэндүү эрсдэл дагуулж байгаа мэт санагдана. Гэтэл бидний итгэл хүлээлгэн байгаа Эрдэнэс МГЛ компаний Эрдэнэс Тавантолгой санхүүгийн хүндрэлд орж төрөөс дэмжлэг авч одоог хүртэл үйл ажиллагаагаа бүрэн сэргээж чадахгүй дэнчигнэж байгаа. Өөрийн охин компаниа хөл дээр нь зогсоож чадахгүй байгаа Эрдэнэс МГЛ –д Эрдэнэт үйлдвэр ХХК, Багануур ХК, Шивээ-Овоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлж болж байна уу үгүй юу? Нэг компаниа босгох гэж төрөөс дэмжлэг авч байгаа Эрдэнэс МГЛ-ийн хувьд арай л хүндэдсэн ачаа мэт. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Монголын талын хувь, Багануур ХК, Шивээ-Овоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг авч явах чадвар Эрдэнэс МГЛ компанид байгаа болов уу гэх болгоомжийн үүднээс энд хандахыг хүслээ. Эрдэнэс МГЛ-ийн доторх хоёр компанийн үйл ажиллагааг мэдэх боловч чухам толгой компаний үйл ажиллагаа ил тод бус. Уг нь хувьцаат компани болохын тулд үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх гэдэг шалгуур тавьдаг юм билээ.
Эрдэнэс МГЛ энэ шалгуурыг одоогоор биелүүлж чадахгүй байна гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн төрийн гэх нэртэй болгонд хээл, хахууль авилгал, шахааны бизнес цэцэглэдэг бичигдээгүй хууль бий болсон энэ үед Эрдэнэс МГЛ энэ хуулиас ангид байж чадах уу гэдэг олон хардлага хэн хүнгүйд төрж буй. Ямартай ч засгийн газрын шийдвэр оносон уу алдсан уу гэдгийг цаг хугацаа харуулна. Гэвч алдлаа гэхэд Эрдэнэс МГЛ харицлага хүлээлээ гэхэд шийдвэр гаргасан засгийн газар дахин ямар шийдэлд хүрч, ямар гарц хайх бол. Энэ их хувьцааг эргэлдүүлэн ард түмний талд ашигтайгаар ажиллаж хээл хахууль, улс төрийн лоббид автахгүй гэх баталгааг Эрдэнэс МГЛ-оос хүсэх үлдлээ.
С.Саранзаяа
Оллоо.мн