Хүний бруцеллёз өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
судлалын үндэсний төвөөс малаас хүнд халдварладаг бруцеллёз өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөөг хүргэж байна.
Хүний бруцеллёз өвчин нь олон эрхтэн тогтолцоог гэмтээж, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулах,хүндрэл нь тахир дутуу болгох хандлагатай, мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин.
Уг өвчний үений хэлбэр нь яс үе мөч, тулгуур эрхтэнг гэмтээж тахир дутуу болох, мэдрэлийн хэлбэр нь сэтгэх чадвар, оюун ухааныг муудах, дотор эрхтний хэлбэр нь уушиг, зүрх, элэг, дэлүүг гэмтээх, шээс бэлгийн замын хэлбэр нь бөөр, давсагны үйл ажиллагаа ба бэлгийн чадавх сулрах, үргүйдэлд хүргэх уршигтай.
Үүсгэгч нян (бруцелл) нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд өвчтэй мал төллөх, хээл хаях үед хээлийн шингэн, төлийн ус, хагны хамт их хэмжээгээр ялгардаг ба мөн эцэг мал, амьтны үрийн шингэн, баас, шээсээр ялгарна.
Эд, эсийн дотор амьдрах чадвартай, дотор хор ялгаруулдаг бөгөөд их хүчтэй антибиотикт үхдэг. Бруцелл ньсүүнд 10-40 хоног, түүхий сүүний бяслагт 45-60 хоног, малын арьс шир ноос, тогтонги усанд 3 сар, газрын хөрсөнд 3-5 сар, өтөг бууцанд 5-6 сар, түүхий маханд 3 сар амьдарч чаддаг их тэсвэртэй нян юм.
Хүний бруцеллёз өвчин заримдаа оношлогдохгүй үлддэг. Учир нь бруцеллёзын эхэн үед халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, улайх, хүзүүний тунгалагийн булчирхай, залгиурын гүйлсэн булчирхай томордог учир бусад халдвартай андуурах, амьсгалын замын иймэрхүү эмгэгийн үед ихэнх өвчтөнүүд эмчид хандахгүй, зөвхөн гэрээр эмчилж, өнгөрөөдөг. Эмчид үзүүлэхгүй удаан хугацааны туршид явах хүн ч бий.
Эмнэл зүйн хувьд илрэхгүй далд хэлбэрээр явагддаг учир оношлоход лабораторийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Хэрэв та өөрийгөө бруцеллёзоор өвчилсөн байж магадгүй гэж сэжиглэвэл юуны өмнө харьяа эмчдээ хандаж, бруцеллёзын шинжилгээ өгөх хэрэгтэй.
Та бруцеллёз өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна.
1. Малтай айл өрх, мал аж ахуйн нэгж байгууллагууд мал сүргээ жил бүр бруцеллёз өвчнөөс сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, охин төлд вакцин заавал тариулах, бруцеллёз өвчтэй малыг тусгаарлах, хэрэгцээлэх.
2. Төл хүлээн авах, бэрхшээсэн төл гардах, арьс шир бэлтгэх, мал саах, ноослох, хэрэгцээлэх, өтөг бууц цэвэрлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас (амны хаалт, хормогч, резинэн бээлий) өмсөх, малын эхэс зулбадасыг нүхэнд булах, устгахдаа дэгээ ашиглах, эдгээр үйлдлийн дараа гараа савандан бүлээн усаар сайтар угааж занших.
3. Мал, амьтны түүхий сүү, цөцгий, мах, махан бүтээгдэхүүн, элэг, цус, цусан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй малын сүүг амтлахгүй байх, хөөрүүлж 2 минутаас дээш хугацаанд буцалгаж хэрэглэх, мал бруцеллёзтой оношлогдсон үед худгийн ус болон ил задгай усыг буцалгаж хэрэглэх.
4. Малын өтөг бууцыг дулааны улиралд овоолон хатаах, сийрэгжүүлэх ба хувийн хлорын шохойн уусмалаар ариутгах юм.
Г.Уянга
Оллоо.мн