Мэдрэлийн өвчин төрөлт нэмэгдэж байгаагийн хэрээр нэмэгдэж байна
сэтгэлийг зовоох боллоо. Түүнээс гадна электрон тоглоомоор удаан хугацаанд тоглосноос болж тархиа амраахгүй байна. Энэ нь мөн л тархи мэдрэлийн гаралтай өвчнийг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа аж. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн тасгийн эрхлэгч О.Энхчимэгтэй ярилцлаа.
-Тархи мэдрэлийн гаралтай ямар өвчнүүд хүүхдийн дунд зонхилж байна вэ?
-Толгойны өвчин олон янз. Хүчилтөрөгч цусан хангамжийн дутмагшил, уналт таталт, захын мэдрэлийн болон нүүрний мэдрэлийн саажилт, өвчин эхний байруудад ордог. Бас гэмтлийн дараах болон цус харвалтын дараах толгой өвдөлттэй хүүхдүүд их байна. Нарийвчлаад үзэх юм бол 40 гаруй нэр төрлийн мэдрэлийн гаралтай өвчтэй хүүхдүүд манайхаар эмчлэгддэг. Ер нь мэдрэлийн өвчин төрөлт ихсэж байгаатай холбоотойгоор нэмэгдэж байгаа. Тиймээс энэ хэрээр өвчлөл ихсэх нь дамжиггүй.
-Төрөлхийн мэдрэлийн гаралтай өвчнүүд гэж байдаг уу?
-Байлгүй яахав. Хүүхэд эхээс төрөхдөө тархины саажилт, усжилттай, генийн болон хромсомын гажигтай төрж байна. Ийм өвчтөнүүд ч байдаг.
-Тархи толгойны өвчний эдгэрэлт удаан явцтай гэдэг. Ер нь эмчилгээний үр дүн хэдий хугацаанд гардаг вэ?
-Манай мэдрэлийн тасаг нэг сараас 18 насны хүүхдийг эмчилдэг. Улсын хэмжээнд ганцхан байдаг гэдгээрээ ачаалал ихтэй байдаг. Эмчилгээ буюу ор хоногийн хэлбэлзлэл нь ч янз бүр. Гайгүй хөнгөн өвчтөнгүүд долоо хоног, их өөрчлөлтэй нь хэд ч хоног хэвтэж болно. Дундаж хоног 10-12 хоног байдаг. Шаардлагатай нөхцөлд нэг cap хүртэлх хугацаанд ч эмчлүүлдэг. Миненгит цус харвалт зэрэг хүнд өвчнүүд байна. Үр дүн өгөхгүй байгаа таталтуудаас гадна удаан хугацаанд хяналтанд байдаг өвчнүүд ч байдаг. Амбулаторийн эмчийн хяналтанд байх шаардлагатай өвчний жагсаалт байдаг. Тэр дагуу өвчтөнийг хүлээж аваад хяналтанд авдаг.
-Бас сүүлийн үед тархины даралттай хүүхдүүд их төрж байна гэж яриад байгаа?
-Тархины цусан хангамжийн дутмагшил хамгийн их байгаа шүү дээ. Тиймээс эхчүүд ураг тээж байхаасаа эмчийн хяналтанд байж төрөх хүртлээ төрөлтийг зөв удирдах ёстой. Тэгээд төрсний дараа хүүхдээ өвдүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлж чадах юм бол эдгээр өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Бас нэгэнт уналт таталттай гээд онош нь тодорсон бол энэ өвчнийг намжаах эмийг удаан хугацаанд таслахгүй, хүүхдэдээ анхаарал халамж тавих нь зүйтэй. Тухайлбал гурваас таван жил уудаг эмээ манай эцэг эхчүүд тогтмол уулгаж чадахгүй байгаа. Энэхүү таталтын эсрэг эмээ хоол цай иддэг шигээ тууштай зөв уулгаж байх нь зүйтэй. Дээр нь бусад олдмол эмгэгүүд болох ялангуяа тархины гэмтэл маш аюултай. Гэмтэл тухайн үедээ мэдэгдэхгүй доргилт маягаар мэдрэгдээд өнгөрдөг ч гэсэн хожим хойно буюу бүр тодруулбал арван жилийн дараа архаг хууч өвчин бий болох үр дагавартай байдаг. Тархины гэмтлээс болоод янз бүрийн мэдрэлийн өвчнүүд тухайн үедээ сэдэрч гарч үүсч болдог. Тийм учраас тархины гэмтлээс хүүхдүүдээ болгоомжилж байх хэрэгтэй. Ер нь тархины даралт гэдэг ойлголт хэцүү. Эцэг эхчүүд нярай хүүхдээ уйлаад эсвэл толгой нь жаахан халуун оргихоор тархины даралттай гэж өөрсдөө автоматаар оношлодог. Гэтэл хүүхэд болгон тархины даралттай байдаггүй. Эхний үед тархины даралтны өөрчлөлт илэрч байгаад сүүлдээ тархит эсвэл чих нь өвддөг. Ийм хүүхдүүдийг тархины даралттай байна гэж ирж их үзүүлдэг. Өөрсдийнхөө тэр оношинд эхчүүд бүр итгэчихсэн байх жишээтэй. Уйлахаар нь л тархины даралт нь ихэсчихлээ гэсэн ойлголтыг бүх хүмүүс авсан байдаг. Гэтэл тэр дундаас цөөхөн хувь нь л тархины даралтын эмгэгтэй байдаг шүү дээ.
-Янз бүрийн электрон тоглоомоор удаан хугацаагаар тоглох нь ч мөн тархинд нөлөөлж байна?
-Тэгэлгүй яахав. Тархи тодорхой хэмжээний зүйлийг хүлээж аваад тодорхой хугацааны дараа цуцдаг эрхтэн. Гэтэл зарим хүүхэд тархиа амраахгүй олон цагаар интернэтээр хэсүүчлээд хөдөлгөөнгүй суучихдаг. Бүр туйлдаж ядарч унатлаа тархи хүлээж авахгүй байгаагаа ч мэдэхгүй тоглодог. Ингэж ачааллыг нэг дор өгч, бүх эрхтэнээ хөдөлгөөнгүй нэг байрлалд оруулснаас болж эрүүл мэнддээ ноцтой нөлөө үзүүлэх нь бий. Энэ байдал янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Тийм учраас хүүхдээ тоглуулахгүй тас хорихдоо биш сайн ойлгуулж, тодорхой хугацааны дараа амраадаг байх ёстой. Зөвхөн компьютер ч биш зарим хүүхэд маш олон цагаар хичээл хийгээд суучихдаг. Үүнээсээ болж ядаргаанд ордог. Мөн зарим хүүхэд зурагтын суваг руу хөдөлгөөнгүй хараад суучихдаг. Тийм хүүхдүүдэд хэрэгцээтэй мэдээллийг нь үзүүлээд бусад үед хориглож байх шаардлагатай байдаг юм.
-Танай мэдрэлийн кабинетаар өдөрт хичнээн хүүхэд үйлчлүүлдэг вэ?
-Маш их ачаалалтай ажилладаг. Өдөртөө нэг эмч дээр 40-50 хүүхэд үзүүлдэг.
-Бусад өвчнүүдтэй харьцуулахад мэдрэлийн гаралтай өвчин хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Мэдрэлийн өвчин их байгаа юм шиг. Маш их ачаалал хүлээгдэл үүсдэг учраас бид эмчийг нэмж ажиллуулж байгаа. Гэсэн хэдий ч ачаалал буурахгүй л байна. Тэр дундаас мэдрэлийн өвчтэй хүүхэд бусад өвчин тал хувийг эзэлдэг. Манай зарим эмч нар уйлсан хүүхэд болгоныг мэдрэлийн эмчид үзүүлээд ир гээд явуулаад байдаг. Энэ нь ачаалал ихсэх шалтгаан болж байгаа юм. Амбулаторийн үзлэгийн хамгийн ачаалалтай нь манай мэдрэлийн үзлэг байдаг.
Д.Нэргүй