Монгол, Филиппиний зөвлөлдөх уулзалт болов
сарын 19-нд Филиппин Улсын нийслэл Манила хотод болов. Яамд хоорондын Бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг монголын
талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг филиппиний талаас Гадаад хэргийн дэд сайд Лаура Дел Росарио нар тэргүүлж, хэлэлцээ хийв.
Тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцож, бие биеэ дэмжсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг тодорхойлоход энэхүү зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Талууд гадаад яамд хоорондын яриа хэлэлцээний байнгын механизм бий болгох, барилга, уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбар, чиглэлийг харилцан тодорхойлж, иргэдийн асуудал, ажиллах хүчин харилцан солилцох тухай хэлэлцээр байгуулах боломж, олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Яриа хэлэлцээний үеэр монголын талаас Эрх зүйн туслалцаа харилцан
үзүүлэх хэлэлцээр, филиппиний талаас Ажиллах хүчин харилцан солилцох тухай Санамж бичиг байгуулах санал гаргаж, баримт бичгүүдийн төслүүдийг солилцож, хэлэлцээр, санамж бичгийн төслүүдийг талууд судлан үзэхээр тогтов.
Талууд Монгол, Филиппин улсын ГХЯ-д хоорондын Бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалтын Протокол, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Филиппин Улсын Биеийн тамирын хороо хоорондын Санамж бичигт тус тус гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг үзэглэлээ. Монгол, Филиппиний ГХЯ-д хоорондын Бодлогын зөвлөлдөх ээлжит уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиров.
Энэхүү зөвлөлдөх уулзалт Монгол, Филиппиний хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жилд зохиогдож байгаагаар онцлог юм. Дэд сайд Д.Ганхуяг айлчлалынхаа үеэр Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Алберт Дел Росарио болон Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийг хариуцсан захирал Роберт Витол, Филиппиний хувийн хэвшлийн төлөөлөлтэй тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна.