Сэлбэ голын нөхөн сэргээлтийн ажил мөн л улстөрчдийн шоу байсан гэж үү
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Сэлбэ гол руу уулын ам болгоноос цутгадаг байсан жижигхэн горхи, булаг шанднаас өдгөө нэг нь ч үлдээгүй байна. Эдгээрээс одоогийн байдлаар үлдсэн ганц нь Шаргаморьт дахь Дондогдуламын рашаан юм. Гэвч энэхүү рашаан нь бас сүйрч эхэлсэн. Хэдхэн жилийн өмнө л ойр хавийнхаа зуслангийн айлуудыг ундаалдаг байсан энэ рашааныг хаана байсныг нь мэдэхэд хүртэл хэцүү болчихож. Мөн л ширгэж үгүй болох дээрээ тулжээ.
Зуслангийн айлууд уулын аман дахь модыг тайрснаас болоод Сэлбэ рүү цутгаж байсан горхи булаг сураг алдарчихсан гэхэд болно. Цутгал горхиуд нь ширгэж, намаг нь хатаж, худаг ухаж, модыг нь тайрснаас болоод урсгал нь тасарсан хэрэг.Харин ингэж сэлбэгдсэн Сэлбэ гол нийслэлийнхээ төвөөр урсаж Туул голтой золгон нийслэлчүүдийн ундны усны хэрэглээг хангаж ирсэн. Гэтэл Сэлбэ гол хатаж ширгээд сүүлийн хэдэн жилд бороо орох цагаар булингартсан хог шороотойгоо хутгалдан урсдаг дүр зураг харагддаг болсон. Харин хур бороо бага гантай жилд хуурай сайр харлан харагддаг нь нууц биш.
Тиймээс Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлж ойр орчимд нь амралт чөлөөт цагийн ногоон байгууламж барина хэмээн өмнөх засгийн газрын үед сүр дуулиантайгаар мэдэгдэж тууз хайчлан ажил эхлүүлсэн. Энэхүү ажилд таван тэрбум гаруй төгрөг хэрэгтэйг ч хэлж шийдэж байсан. Үүнийг сонссон нийслэлийн иргэд Монгол орны хаа сайгүй хариуцлагагуй уул уурхайн балгаар гол мөрөн ширгэж байхад ганц ч гэсэн голыг сэргээх болсонд талархаж байсан билээ.
Гэтэл энэ ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч сэргээд урсаад байгаа гол харагдах нь бүү хэл хажууд нь барьж байгуулах ногоон байгууламж төгөл нь ч алга. Анх төсөлөө танилцуулахдаа зүлэгтэй ногоон байгууламжтай явган хүний гол замтай, гол уруугаа буудаг 13 шат бүхий гарцтай, өвлийн улиралд гулгах талбайтай амралт зугаалгын орчин болохоос гадна хөрсний ус, гадаргын усыг нь ч давхар шийдэх гарцыг олсон хэмээж байсан.
Харин одоо бид хог шороондоо дарагдсан хөндийг харж байна. Сэлбэ голыг сэргээх энэ ажлыг гүйцэтгэх ганцхан компани байгаа нь төлөвлөснөөсөө саарч байгаа болов уу гэх хүн ч бий. Харин саяхнаас Сэлбэ голын төсөл энэ онд санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар зогссон байна. Учир нь энэ ажлыг гүйцэтгэж байсан хоёр компаний нэг нь зөвшөөрөлгүй байжээ. Мөн хариуцан ажиллаж байгаа Сүхбаатар дүүрэг өдийг хүртэл засварыг явуулах компаний тендерийг нь зарлаагүй байсан гэнэ. Тиймээс Сэлбийг нөхөн сэргээж, засаж тохижуулах ажил энэ онд хийгдэхгүй нь нэгэнт тодорхой боллоо.
Мөн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх ажил ямарч тооцоо судалгаагүй зүйл байсан гэдгийг учир мэдэх хүмүүс болон мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Учир нь голын урсацын ихэнх хэсгийг битоноор хучна гэдэг нь манай оронд огт тохирохгүй бөгөөд энэ нь 90 гаруй хувьдаа тунадас ордог чийглэг уур амьсгалтай Япон, Солонгос мэтийн оронд л тохирсон арга юм байна. Харин манайх юун 90 гаруй хувийн тунадас орох хуурайшилт маш ихтэй манай орны хувьд харин ч энэ тенхологи нь урсацыг тэр чигээр нь таслах аюултай аж.
Анхнаасаа энэ ажлыг эхлүүлэхдээ энэ бүгдийг тооцож үзээгүй гэвэл хэн ч итгэхгүй нь мэдээж. Ийм наад захын тооцоог бүхэл бүтэн улсын засгийн газар тооцож чадахгүй байгаа нь үнэхээр гайхмаар. Тэгэхээр Сэлбэ голын нөхөн сэргээлтийн ажил мөн л улстөрчдийн шоу байсан гэж үү.
Б.Сансартуяа
Оллоо.мн