Архины хяналтын хууль-ийг яаравчилъя
Саяхан л Монголын хууль гурав хоног. Хууль гууль болжээ гэсэн олиггүй хэлц үг бодож олцгоон дээр, дооргүй түүндээ итгэчихээд өөрсдөөсөө эхлээд л хуулиа зөрчдөг байлаа. Хуулийн зүйл, заалт нь нийгэм, ард иргэдэд товч ойлгомжтой байх тусмаа хэрэгжилт сайтай байдаг нь энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуулиас тодорхой харагдаж байна. Уг нь энэ хуулийг анх 2005 онд УИХ-аар хэлэлцэн баталсан ч амьдралд нийцгүй, хэрэгжиж чадахгүй байсныг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар гярхай ажиглан олж харснаар нэмэлт өөрчлөлт хийж батлуулсан нь өнөөдөр ёстой л эрэлтээ олсон нийлүүлэлт болоод байгаа билээ.
Гэхдээ бидний амьдралд төгс төгөлдөр, 100 хувь сэтгэл ханамжтай зүйл гэж нэгээхэн ч байдаггүй. Улаанбаатарчуудыг XXI зуунтай хөл нийлүүлэн алхахад нэгэн зүйлийн чиглүүлэгч болж, соёлтой амьдралын хэвшил болох учиртай Тамхины хяналтын тухай хуульд бага зэргийн үл ойлголцол, тодруулах зүйл заалт байгаа нь тодорхой.
Юуны өмнө гудамж, зам, автобусны буудал дээр хууль зөрчин хулгайгаар тамхи баагиулж зогсоо ганц нэг хувиа бодсон, бэртэгчин нөхдийг хэн, хаана торгох, албан газруудын тамхичид ямар газар, хэрхэн тамхилахыг нэгдсэн ойлголтоор журамлах гээд бага сага асуудал бий. Эдгээр бага зэргийн үл ойлголцлыг даруйхан нэгдсэн журмаар шийдвэрлэчихвэл Тамхины хяналтын тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжих юм. Гэхдээ л зоригтой заалтуудыг цаг алдалгүй тусгаж чадсанаараа энэ хууль ёстой л Монголын нийгмийн загатнасан газар сайтар маажиж чадсан билээ.
Өчигдөр интернэт ухаж суутал УИХ-ын гишүүн С.Одонтуяа Одоо удахгүй архины хяналтын хуулийг хэлэлцэн батлах цаг нь болсон гэснийг уншаад өөрийн мэдэлгүй яг зөв хэмээн амандаа бувтнаж, сандал дээрээ өндөлзсөн юм. Нуугаад байх зүйлгүй. Үүнийг тэрлэгч ч хайгаад донтоод явдаггүй ч хааяа таарвал хүртчихдэг л нэгэн. Архи идээний дээж хэмээн найз нөхөд, таних танихгүй бишгүй л хүмүүстэй балгах үедээ балгаж л явлаа.
Амьдралаа үрж, арчаагаа алдтал уусангүй. Гэхдээ л сайн сайхан, гялтайх юм наалдсангүй. Ганц удаа уугаа л биз. Ямар найгүй архичин болчихсон биш хэмээн дотор сэтгэлдээ өөрийгөө өмгөөлөн бодсоор явтал нас хэдийнэ зуугийн тал руу хэлбийжээ. Хүнээс гуйхгүй ч хүнд илүүчлээд байхааргүй амьдрал маань ч нэг л түвшинд очоод тогтчихож. Нуруундаа үүрээд үхэхгүйгээс хойш, үүнээс илүүгээр яах вэ дээ хэмээн цайруулан бодох нь сард нэг юм уу, хоёр удаа сархад хүртэх шалтгаан болсоор удаж.
Яг над шиг бодолтой эрчүүд цаагуур чинь дүүрэн байгаа гээд мөрийцчихөд нэг их хол зөрөхгүй болов уу. Одоо харин зүгээр алхаж явахад урин дуудаад байдаг сархад хэмээх савнаасаа бусдыг дийлэгчийг хазаарлан зогеоох, нийгэмд зохистой хэрэглээг тогтооход чиглүүлэгч хүчин зүйл болох Архины хяналтын тухай хуулийг нэн даруй хэлэлцэн батлах хэрэгтэй байна.
Автобусны буудал, их дээд сургууль, эмнэлэг, соёлын төв гээд хүүхэд залуусын холхилдож байдаг газруудын яг дэргэд нь түмэн зүйлийн архи, шар айраг, согтууруулах ундаа ёстой л нуур далай шиг цэлэлзэж байгааг хумих, боомилох цаг хэдийнэ болсон. Саяхан сүр дуулиан болон тэмдэглэсэн Цэргийн баяр-ын өдөр л гэхэд Улаанбаатарын хэмжээнд 200-аад хүн эрүүлжүүлэгдэж, дөрвөн хүн амиа хорлон харамсалтайгаар хорвоог орхисон байх юм. Яг үнэндээ XXI зуунд улс Монголоо авч явах эрчүүд маань архин далайд живцгээж байна.
Монголчуудын хүйсийн зохистой байдал ч алдагдаад эхэлсэн. Нийт хүн амын 53 хувь нь эмэгтэйчүүд эзлэх болж, жилд 9000 эрэгтэй цаг бусаар нартаас буцаж байгаа харамсмаар тоо баримтыг дэлгэн үзүүлж байна. Энэ бүхний цаана нөгөө Идээний дээж архи байгаа нь хэнд ч тодорхой зүйл. Яаралтай хэлэлцэн батлах Архины хяналтын тухай хуульд 18 нас хүрч, иргэний үнэмлэх аваагүй хүнд архи, согтууруулах ундаа зарахыг чандлан хориглох заалт оруулъя. Импортоор орж ирж байгаа архи, шар айраг, согтууруулах бүх төрлийн ундаанд дээд зэргийн татвар оногдуулъя.
Дүүрэг болгоны согтууруулах ундаа зардаг дэлгүүрүүдэд хатуу зэрэглэл, стандарт тогтоож, тусгай зөвшөөрөл нэмж олгохыг хазаарлан зогсооё. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон иргэдийн жолооны үнэмлэхийг таван жил хүртэл хугацаагаар хүчингүй болгодог журамд шилжье. Бүх нийтээр архи зарахгүй өдрийн тоог олшруулъя.
Бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр архины хор хөнөөлийг бүх насны хүмүүсийн онцлогт тохирсон байдлаар тогтмол цаг, өдөр сурталчилдаг тогтолцоонд шилжье. Архины хор хөнөөлөөс сайн дураараа өөрийгөө татан авч, архинаас гарсан эрчүүдийн бодит жишээг нийгэм даяар сурталчлах аяныг өрнүүлье.
Айл гэрийн өрхийн тэргүүн, эрчүүд бид л архи уухгүй бол та бидний гэр оронд инээд хөөр бялхаж, эхнэр, хүүхдүүд минь хэчнээн сайхан аз жаргалтай байдаг билээ дээ. Эрчүүд биднийг шилтэй цэнхэр-ийн аюулаас сэрэмжлэн холдоход өөрсдийн маань чин зориг, тэвчээр, сэтгэлээс гадна гадаад хүчин зүйл, хууль эрх зүйн орчин ч шийдвэрлэх нөлөөтэй.
Хориглох тусам хошуурдаг гэсэн явцгүй бодлоо ухаан санаанаасаа таягдан хаяж Саруул Монгол -ыг цогцлоон бүтээхэд Архины хяналтын тухай хууль түүхэн үүрэг гүйцэтгэх л учиртай. УИХ-ын эрхэм гишүүн, эхчүүд, эмэгтэйчүүд та бүхний дараагийн санаачлан батлуулах хууль нь Архины хяналтын тухай хууль байна гэдэгт итгэлтэй байна.
Д.Түвшин