Хатаж ширгэсэн гол мөрөнг яах вэ?
Манай орны гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянган зэрэг өндөрлөг хэсэгт бүрэлдэн бий болохдоо Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад багтах томоохон 17 гол, мөрөн түүний цутгалыг тэжээж, хөрш орнууд руу урсан гардаг. Одоо Монгол орны усны нийт нөөц 608.000 сая шоо метр байгаагаас 34.600 сая шоо метр нь гол мөрөн, 500 сая шоо метр нь нуур, 62.900 сая шоо метр нь мөнх цас, мөсөн гол, 10.800 сая шоо метр нь газар доорхи усны нөөц юм. Харин бид жилдээ 500 сая шоо метр ус хэрэглэдгээс хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг шанд, гол горхины уснаас хэрэглэж байна.
Хүний энэ хэрэглээн дээр нэмэгдээд дэлхийн дулаарлын улмаас 2020 он гэхэд гадаргын уснаас 39-66 мм нь ууршиж алга болох, мөн температур нэмэгдэж байгаагаас мөнх цасны мөстлөг нь хайлж 2040 он гэхэд 50 метрээр хорогдох тооцоог эрдэмтэд гаргажээ. Үүнээс хамгийн сэтгэл эмзэглүүлэм баримт гэвэл, 2009 онд манай улсад 5121 гол горхи байснаас өнөөдөр 887 нь ширгэж үгүй болсон бол, 9340 булаг шандын 2096 нь хатаж алга болжээ. Монгол орон 3732 нуур тойромтой байсан бол энэ богинохон хугацаанд 1166 нь ширгэжээ. Хэдийгээр үе үеийн Засгийн газар устай холбоотой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч тэр нь бусад салбарын үйл ажиллагаатай уялдаа холбоо муутай, нэгдсэн зорилт, төлөвлөгөөгүй байсны уршгаар төдийлэн үр дүнд хүрэхгүй байсаар өдийг хүрлээ. 1990 он гарч Алт хөтөлбөр хэрэгжиж улмаар Ашигт малтмалын хууль батлагдсанаар бүх зүйл орвонгоороо эргэсэн нь бид ирээдүй хойч үедээ юу үлдээх вэ гэсэн асуултыг асуухад хүргэсэн эхний шалтгаан болоод байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2018 он гэхэд Азийн орнуудын цэвэр усны нөөц дуусах хандлагатай гэж үзсэн. Харин Монгол орны цэвэр усны нөөц 2015 он гэхэд бүрэн дуусах талаар мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Учир нь Засгийн газраас цэвэр усны нөөцийг хэрхэн ашиглах тал дээр зөв бодлого явуулаагүйгээс үүдэн гол, мөрөн бохирдох үндэс болж байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Тухайлбал, ахуйн болон үйлдвэрийн гаралтай бохир ус, хог хаягдал, химийн хорт бодисоор дамжин ус хөрс, агаарыг бохирдуулж байгаа бөгөөд жил бүр 300 сая гаруй шоо метр усыг гол горхи хөрсөнд хаяж, усны нөөц бохирдуулж байгаа нь үндэсний аюулгүй байдал алдагдахад хүргэх аюул гэнэ. Үүний тод жишээ бол Хөвсгөл далайд нефть, түлшний толбо хөвж, хогоор дүүрсэн, мөн Орхон гол, Улаан цутгалан хүрхрээ тасарсан, Хараа, Ерөө голын ус химийн хорт бодисоор бохирдсон явдал.
Энэ мэтчилэн уул уурхайн буруу үйл ажиллагаа, байгаль эхээ хайрлаагүйн улмаас хатаж ширгэсэн гол мөрөнөө бид яаж аврах вэ? Цагтаа ширүүн урсаж байсан хатан Туул аа хар. Хатаж ширгэсэн гол мөрөнөөс чинь авахуулаад нийслэл хотыг ундаалдаг хатан Туул чинь жилээс жилд тасарч байгааг хэн хүнгүй харж байгаа. Байгалийн баялагийн ухаж сэндийчээд эргээд нөхөн сэргээлт хийлгүй хаях энэ уул уурхайн компани, химийн үйлдвэрүүдэд хатуу хяналт дутаад байх шиг. Алтын аваад авдарын хаяна гэдэг шиг дүр зургууд хаа сайгүй. Хөндөгдсөн газар, хатаж ширгээгүй гол мөрөнтэй газар нутаг тун цөөхөн.
Байгаль орчны яам хаана юу хийгээд байна аа. Гол мөрөн нь хатаж ширгээд, эхнээсээ цэвэр усны нөөц дуусах нь гэж ярихаасаа илүү энэ бүгдээ хамгаалах ажлаа хэзээнээс эхлэх юм бэ? Ногоон төгөл болох төсөл, Ус хөтөлбөр гээд л өчнөөн зарлагдаад байгаа төсөв чинь энэ бүхний хаагуур нь өнгөрөөд байна вэ?
С.Саранзаяа
Оллоо.мн