Чалко-той байгуулсан гэрээ тун хангалтгүй болсон
хүрээнд өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. Түүний мэдээллийг тоймлон хүргэе.
-Газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхлэхээр шатахууны үнэ тогтвортой байж чадах уу. Аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн?
-Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Аливаа зүйл эрэлт, нийлүүлэлт тэгээд дэлхийн зах зээлийн үнээр зохицуулагдах ёстой. Зах зээлийн үнийг харгалзахгүйгээр ингэнэ, тэгнэ гэж хэлэх нь худал амлалт болно.
-Манай улс олборлож байгаа газрын тосоо эргүүлэн ашиглах, бүтээгдэхүүн хуваах гэрээний ажил юу болж байгаа вэ?
-Газрын тосыг бүтээгдэхүүн болгоход зарцуулж буй үнэ, нэмж буй ашиг, зардал нь ил тод байх ёстой. Энэ хэлэлцээрийг манай талаас Хятад Орос улстай аль алинтай нь хийхээр болсон. Газрын тос олборлохтой хобоотой янз бүрийн шүүмжлэл байдаг.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Газрын тосны газар хяналт тавьж ажилладаг. Энэ хяналтыг ил тод болгох шаардлагатай. Шатахууны компаниуд ашиггүй ажиллаж байгаагаа амаар биш цаасан дээр гаргаад тавьчих хэрэгтэй. Тухайн компани үнээ нэмэх үндэслэл байгаа эсэхийг манай яам, Газрын тосны газар хамтарч ШӨХТГ-т гаргаж өгөөд үнэхээр үнэ нэмэх шаардлагатай юу гэдгийг тооцож шийддэг.
-Шунхлай компанийнхан Засгийн газартай тохиролцоонд хүрсэн учир унээ буцааж татлаа гэж мэдэгдсэн. Хэлэлцээр ямар үр дүнд хүрсэн юм бэ?
-Шунхлай компанийн хувьд ямартай ч гуравдугаар сард үнээ нэмэх үндэслэл байхгүй нь тогтоогдсон. Хамгийн гол нь тухайн компани аж ахуйн нэгжүүдэд шатахуунаа бөөнөөр өгөөд, мөнгөө авч чадахгүй байсан нь хүндрэл учруулсан юм билээ.
-Танай яамны зүгээс Хятадын шатахуун экпортлогч компанитай гэрээ хийсэн гэсэн. Гэрээ ёсоор хэчнээн тонн шатахуун авахаар болов?
-Энэ долоо хоногийн эхээр манай яамнаас гарч ажилласан ажлын хэсэг Хятадын компанитай гэрээ хийж, энэ сард авах 10 мянган тонн шатахууныг 100-150 ам.долларын хямд үнээр авахаар болсон.
-Энэ жилийн тухайд стратегийн ач холбогдол бүхий 15 орд газар дээр хэчнээн орд нэмэгдэж байгаа вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий ордод шинээр 30 ордыг нэмж тусгахаар ярьж байгаа. Одоогоор лиценз эзэмшигчидтэй уулзаж байна.
-Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж байгаа. Дахин хуралдахаар товлогдсон. Хурлын үйл явц ямар шатанд байгаа вэ?
Хувь нийлүүлэгчдийн хурал түр завсарласан. ТУЗ-ын хурал дуусаагүй байна. Ер нь хөрөнгө оруулагчдын дунд тохирсон асуудал бий. Хамгийн гол нь Монгол улсын хууль, тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээг дээдлэх ёстой.
-Ашигт малтмалын тухай хуульд гар аргаар алт олбор- логчдын үйл ажиллагааг хязгаарлахаар ярьж байгаа. Хэрэв ингэвэл маш олон хүн ажилгүй болно. Танай яамны зүгээс энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг түр хойшлуулсан. Ер нь асуудал хүндэвтэр байгаа. Одоогоор 70 гаруй мянган хүн энэ салбарт ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд бичил уурхайтай холбоотой заалт ороогүй байсан. Одоогоор хуулийн төсөл Засгийн газар, УИХ-д өргөн баригдаагүй. Гэхдээ бичил уурхайтай холбоотой зохицуулалт хийгдэнэ. Ер нь эерэг, сөрөг хоёр талтай л асуудал.
-Чалко-той байгуулсан гэрээний асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ гэрээний асуудал хүнд байгаа. Энэ гэрээнд хоёр улсын төрийн өмчийн компанийн захирлууд гарын үсэг зурсан. Тиймээс хуулийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан талууд хоорондоо тохиролцох шаардлагатай. Хоёр орны төр засгийн зүгээс гэрээтэй холбоотой маргааныг харилцан ашигтай, ил тод болгох талаар ажиллаж байна.
Энэ талаар Ерөнхий сайд, манай яамны түвшинд байнга яригдаж байгаа, гарцыг хайж байна. Гэрээ харилцан ашигтай байх ёстой. Гэтэл зээл аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулахдаа авсан зээлийнхээ 30-40 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй. Энэ талаар Эрдэнэс Оюу толгой ХК-ийн захирал, Чалко- гийн захирлууд хоорондоо ярилцаж байгаа. Чалко бол нүүрсийг аваад төмөрлөгийн үйлдвэрт ашиглах, эсвэл кокс болгодог компани биш. Эцсийн хэрэглэгчид нь урд хөршийн төмөрлөгийн үйлдвэрүүд байдаг.
Ингэхээр гэрээний ил тод байдал алдагдчихаад байгаа юм. Уул уурхайн салбарт дэлхийн нийтээр баримталдаг зарчим бий. Тэр нь худалдан авагч тал зардал ихтэй байдаг учир ашиггүй ажиллахгүйн тулд хөрөнгө оруулагч нь байнга сэтгэл гаргах ёстой. Ингэснээр худалдагч, худалдан авагч хоёр харилцан ашигтай ажиллах нөхцөл бүрддэг. Энэ гэрээ бол тэр зарчмаа умартчихсан. Манай талаас жижиг ч гэрээ хийж үзээгүй хүмүүс гарын үсэг зурчихаад дараа нь нөгөөхөө засах гэж бөөн асуудал болдгын нэг жишээ бол Чалко-гийн гэрээ юм.
-Монгол улсад одоогоор газрын тосны хэдий хэмжээний нөөц байгаа вэ?
-Олборлолт хийж буй гурван газарт 332.6 сая тоннын баталгаат нөөцийг өмнөх Засгийн газрын үед ЭБЭХЯ-аар батлуулсан. Үүнээс олборлох нөөцийн хэмжээг 43 сая тонн гэж батлуулсан. 1998 оноос олборлолт эхэлснээс хойш 1.9 сая тонныг олборлож, экспортолсон байна. Тэгэхээр үндсэндээ газрын тосны 41 сая тонн олборлох нөөц байгаа гэсэн үг.
-Оюу толгой ХХК өнгөрсөн онд 220 сая ам.долларын татвар улсад төлсөн гэх мэдээлэл байгаа. Энэ хэр бодит тоо вэ?
-Оюу толгой ХХК өнгөрсөн онд 280 сая ам.доллар төлсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Оюу толгой ХК, Сангийн яамнаас тодруулахад мэдээлэл нь зөрсөн. Зөрүүг нь Сангийн яамнаас дахин тод-руулахад Оюу толгой компани өнгөрсөн онд 125 сая ам.долларыг татварт төлсөн байна. Гэхдээ 280 сая ам.доллар гэдэгт учир зүйгээ олох ёстой. Байгаль орчны нөхөн сэргээлт гэх мэт зардлыг оруулсан нь 30-40 сая ам.доллар байна лээ.
-Занарын тухайд яам ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Шатдаг занараар 20-30 жил судалгаа хийсэн байна. Нуүрснээс шингэн гаргаад шатахуун үйлдвэрлэхээс хамаагүй хямд зардал гарч байгаа юм билээ. Манай улсад шатдаг занарын нөөц нэлээд бий. Энэ талаар манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Газрын тосны тухай хуульд энэ талаар тусгах бүрэн боломжтой.
-Таван толгой компанийн байдал өнөөдөр ямар шатанд байгаа вэ. Иргэдэд өгөх 1072 ширхэг хувьцаа хүлээгдэж байгаа шүү дээ?
-Таван толгойн асуудал Чалкокомпанитай холбоотой. Чалко гээд ярихаар нөгөө л гэрээ яригдана. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал жаахан удаашралтай байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад нүүрсний үнэ уналттай байсан. Одоо ч өмнөх хэмжээндээ хүрэхгүй байна. Засгийн газраас Эрдэнэс Таван толгойн үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авья гэдэг шийдвэр гаргасан.
Төмөр зам тавигдчихвал урд хөрш, гуравдагч хөрш РҮҮ нүүрсийг ямар хэмжээнд экспортлох нь тодорхой болно. Үүний дараа Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлогдох боломж бүрдэнэ. Одоогоор нүүрсээ дахин боловсруулахгүй байгаа учир гадагшаа хямд үнээр гаргаж байгаа. Ямартай ч 2015 онд багтаагаад Таван толгойд шинээр хувьцаа арилжаалах зорилготой ажиллаж байна. Энэ үед иргэдэд өгсөн 1072 ширхэг хувьцаа биет бус хөрөнгө буюу үнэт цаасыг 933 мянган төгрөгөөр биш 1.5-2 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
-Зарим иргэдийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Тэр мөнгөөр яг юу хийв?
-27 орчим тэрбум төгрөгийн хувьцаа худалдагдсан. Энэ мөнгөтэй тэнцэх хэмжээний хувьцадг Засгийн газарт төсөл оруулаад Сангийн яаманд аж ахуйн нэгжүүдээс IРО хийх үү, эсвэл мөнгөө буцаах уу гэдгийг тодруулах чиглэлийг өгсөн.
-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тоо буурч байна гэх мэдээлэл бий. Та өмнө нь хөрөнгө оруулагчдын тоо буураагүй гэсэн. Гэтэл Ерөнхийлөгч 40 хувиар буурсан гэсэн шүү дээ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээж мэдээлэлтэй байгаа. Энэ тоо нь зөвхөн уул уурхайн салбар биш байх. 2011 онд хөрөнгө оруулалт асар их өссөн. Энэ нь Оюу толгойтой холбоотой. 2010, 2011 онд хөрөнгө оруулалт 1-2.6 тэрбум доллар байсан бол 2012 онд 630 сая доллар болсон. Гэхдээ 2013 онд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Бид хөрөнгө оруулалт тал дээр анхаарах ёстой.