Үзэсгэлэнгээр метр.кв нь 1-2 сая төгрөгийн үнэтэй орон сууцнуудыг танилцуулна
үзэсгэлэнг БХБЯ, НЗДТГ-аас санаачилж, Координт центр зохион байгуулж байгаа аж.Зохион байгуулагчдын хэлснээр үзэсгэлэнд метр.кв нь 1-2 сая төгрөгийн үнэ бүхий шинэ орон сууцнуудыг танилцуулах юм байна. Өөрөөр хэлбэл, 40 гаруй компанийн 50 орон сууцыг танилцуулах бөгөөд бүгд дээр дурдсан үнэтэй байна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Үүнээс харахад, барилгын салбарт үнийг хөөрөгдөл тэгтэл газар аваагүй мэт санагдав.
Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцнуудыг стандарт, дундаж, бизнес, дээд гэсэн дөрвөн ангилалд хуваадаг юм байна.БХБЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар стандарт ангиллын шинэ орон сууцны үнэ метр.кв нь дунджаар нэг сая 320 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэсэн. Харин дундаж орон сууц нэг сая 840 мянга, бизнес нь хоёр сая 960 мянга, дээд нь дөрвөн сая 271 мянган төгрөгийн ханштай байгаа аж.
Гэтэл стандарт буюу бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцнууд ихэнхдээ хотын захад, гэр хороолол дунд байршилтай бөгөөд чанарын хувьд тийм ч сайнгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ судалгааны компаниуд ихэнхдээ өндөр болон бизнес зэрэглэлийн барилгын үнийг ажилдаа ашигладаг нь ханш хөөрөгдөх шалтгаануудын нэг болдог юм байна.Түүнчлэн төрөөс орон сууцны үнийг бодитоор бууруулах ямар нэг арга хэмжээ аваагүй хэрнээ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй талаараа байнга мэдээлдэг нь үнийн өсөлтийг хурдасгасан.
Тухайлбал, 2012 оны эхээр 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дагуу иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэсэн яриатай зэрэгцэн орон сууцны үнэ 30 хувиар өсчээУчир нь, тэр үед орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ давсан бөгөөд боломжийн үнийн сургаар хүн бүр зээл хөөцөлдөж эхэлсэн гэхэд болно. Харамсалтай нь, үүнээс болж үнийн өсөлт дийлдэхээ больсон. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Улаанбаатарт орон сууцны үнэ сард 2.5 хувиар тогтмол өсч байгаа гэх дүгнэлт гаргажээ. Харин жилийн өсөлт 11 хувиас ер буурахгүй байгаа нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэвийн үргэлжлэхийг хүлээсэн иргэдийн эрэлттэй холбоотой аж.
Гэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас байрны үнийг тогтворжуулж, нэг метр.кв-ыг нь нэг сая төгрөгөөр худалдаж авах боломжтой болгоно хэмээн мэдэгдсэн. Одоогоор ШӨХТГ, ОССК хамтран хямд өртгөөр иргэдээ орон сууцжуулахаар ажиллаж байгаа. Гурван сарын хугацаанд хамтарсан судалгаа хийсний дүнд орон сууцны нэгжийн үнийг нэг сая төгрөгт багтаах боломжтой гэх дүгнэлт гарсан. Түүнчлэн барилгын компаниуд ханшийг нэг сая төгрөгт барьж, орон сууц барих боломжтой гэдгээ илэрхийлсэн гэх юм билээ.