Монголд дуурийн урлаг цэцэглэж байна гэж би боддог
хувь нэмэр оруулж яваа МУГЖ Э.Амартүвшингээр монгол түмэн бахархдаг. Тэрээр дэлхий, олон улсын тэмцээнээс энэ цаг үед өндөр амжилт үзүүлээд байгаа билээ.
-Та богино хугацаанд олон амжилт гаргаж энэ амжилтаа бүр давуулан биелүүлж байгаа. Энэ бүхэн тийм амар үнээр олдохгүй шүү дээ?
-Мэргэжлиийн онцлогоор яривал өөр л дөө. Бид нойр хоол, амраптаа зохицуулж байнгын бэлэн байдал, бэлтгэлтэй байж том уралдаанд оролцдог. Дуурийн урлаг бол маш хүнд мэргэжил. Аав ээжээс заяасан сайхан авьяасыг улам хөгжүүлж, мэргэжлийн өндөр түвшинд аваачиж дуулна гэдэг үнэхээр хэцүү.Энгийн хүмүүсийн нүдээр харахад амархан юм шиг санагдавч байнгын стресс, шаналалтай байж томоохон уралдаан, том дуучид, шүүгчдийн өмнө дуулдаг. Нөгөө талаас дэлхийд нэр нь түгсэн, тухайн цаг үеийнхээ уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байгаа дуучидтай уралддаг.
Энэ хэрээр тухайн уран бүтээлчээс маш их энерги, эрч хүч хөдөлмөр шаарддаг. Миний хувьд ДБЭТ-т дөрвөн жил ажиллах хугацаанд дэлхийн болон олон улсын чанартай уралдаануудаас дөрвөн том шагнал авлаа.Хамгийн анх ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон ОХУ-ын Засгийн газрын ивээл дор зохиогдсон гэж хэлж болохоор тус улсын 350 жилийн ойд зориулсан том уралдаанд тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирч байлаа.Үүний дараа ч чамгүй олон амжилт үзүүлж, амжилтаа давуулан биелүүлсэн. Сая энэ оны эхээр Испани улсын Барселон хотод зохиогдсон уралдаанаас мөнгөн медаль хүртсэн. Театрын тайзнаа ч дэлхийн болон монголын сонгодог олон сайхан дүрийг бүтээсэндээ бахархаж байна.
-Манайхан морь, бөхийг үнэлээд сурчихсан. Харин сонгодог урлагийн амжилтыг хэрхэн яаж үнэлдэг юм бол?
-Чайковскийн уралдаан манай сонгодог урлагийн болон дуурийн дуучдын түвшинд явагддаг хамгийн томоохон уралдаан л даа. Манайхан хаалттай нийгмийн үед барууны оронд болсон тэмцээнийг мэдэхгүй байх тал байсан байх.Гэхдээ намайг Чайковскийн уралдаанд түрүүлээд ирэхэд Монгол Улсыг дэлхийд сурталчилсан агуу том үйлс боллоо гэж МУГЖ цол олгож байлаа. Дээр нь А зэрэглэлийн уралдаан гэдэг үүднээс 53 сая төгрөгийг Засгийн газраас олгож байсанд баяртай байдаг.
-Цол дагаж бяр нэмдэг гэдэг. Гавьяа шагнал нэр хүндийг хүртсэнээс хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарав?
-Мэдээж өөрчлөлт гаралгүй яахав. Наад зах нь олны өмнө биеэ зөв авч явах шаардлагатай болно. Дээр нь багш нар, хамт олон, аав ээжийнхээ итгэлийг алдахгүй амжилтаа үргэлж дээш нь ахиулах нь хамгийн гол зарчим гэдгийг ойлгож ирлээ. Тухайн үед болж байсан үйл явц, уралдааныхаа амжилтыг би хоёр удаа баталчихаад байна.
-Таныг дэлхийн хэмжээний дуучин болсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Тиймээс таныг томоохон уралдаанд очиход Монголын Амартүвшин ирсэн байна гэж магадгүй зарим өрсөлдөгч тань бэргэх үе гардаг байх даа?
-Миний хувьд дэлхийн чанартай гурван том уралдаанд байр эзэлсэн. Энэ утгаар намайг тодорхой хүрээний хүмүүс мэддэг болсон байна. Тийм учраас олон улсын уралдаанд очиход дуучид их хүндэтгэл үзүүлж харьцдаг. Би ч гэсэн хамт уралдаанд оролцож байсан дуучдаа хараад энэ миний хүнд өрсөлдөгч байна гэсэн бодол төрөлгүй яахав. Түүн шиг намайг ч гэсэн тэд ийм сэтгэхүйгээр хүлээж авдаг юм билээ.
-Дуурийн урлагийн хөгжлийг та өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
-Манай дуурийн театр 50 жилийн түүхтэй. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш дандаа Урал, Москва, Болгар, Софийн консерватурт дуурийн дуучдаа бэлтгэж ирсэн. Тухайлбал АЖ Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, Г.Хайдав, Жамъянжав, МУГЖ Бүтэд, Ц.Ерөө нарын агуу дуучид байна. Эдгээр дуурийн урлагт од мэт гялалзаж явсан хүмүүс дуурийн театрыг үүсгэн байгуулж, суурь баазыг нь хүчтэй тавьж өгсөн болохоор бид их азтай хүмүүс. Тэд дэлхийн аль ч театрт очиж дуулахад гологдохгүй байсан учраас залгамж халаа нь ингэж сайхан гарч байгаа юм.
Гэхдээ яахав 1990 оны зах зээлийн давалгаан дунд нэг үе театр маань өртсөн тал бий л дээ. Гэсэн хэдий ч хэзээ ч манай театрын үйл ажиллагаа зогсч байсан удаагүй. Ийм сайхан театрыг бидэнд хүлээлгэж өгсөн учраас эргээд бидний хувьд сэргэж мандаж эхэлж байна. Одоо дандаа чадалтай шижигнэсэн залуучууд ажиллаж байна. Тийм учраас монголд дуурийн урлаг цэцэглэж эхэлж байна гэж би хувьдаа боддог юм.
-Та олон сайхан дуурьт гоцолсон. Хамгийн их сэтгэлд үлдсэн дууриудаасаа нэрлэхгүй юу?
-Айда дуурийн Амонасро дүрдээ хамгийн хайртай. Боломж гарвал тоглох юмсан гэж боддог. Дуулахад сайхан байдаг юм. Бас Реголетто дуурийн Риголеттогийн ари гэж сайхан дүр байдаг. Энэ мэтээр олон сайхан дүрийг нэрлэж болох байна. Дүр эзнээ голно уу гэхээс дүрийг хүн голохгүй гэж ярьдаг.
-Сонгодог урлагийн гайхамшгийг хэдийнээс мэдрэв?
-СУИС-д ороод дуурийн том ари романс дуулж байхдаа бүх л үг нь утга санаа илэрхийлсэн, жүжиглэлт шаардсан ямар нандин зүйл байдаг юм бэ гэдгийг эрхгүй зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа. Уйлахдаа уйлж, уурлахдаа уурлаж, инээхдээ инээх энэ бүхэнд дуурийн гайхамшгийг мэдэрч байлаа.Дараа нь ДБЭТ-ын тайзан дээр туслах дүрд тоглож байхдаа ийм агуу тэнгэрлэг урлаг гэдгийг мөн л мэдэрч байлаа. Харин дэлхийн том уралдаануудад дэлхийн дуучидтай өрсөлдөж бүр тэргүүн байр эзэлж байхдаа хамгийн ихээр баярлаж догдолж байлаа. Ер нь миний өрсөлдөгч олон улсад нэлээд бий. Манай монголд ч миний баритони хоолойтой ижил сайн дуучид олон бий. Тэд мөн л миний өрсөлдөгчид.
-Манай зарим том дуучид гадны оронд очоод цалингаа хэлэхээс ичдэг гэж ярихыг нь сонсч байлаа. Энэ тухайд?
-Нийгмийн ороо бусгаа байдлаасаа ч болдог юм уу ер нь бол цалингийн хувьд хэцүү л дээ. Гэвч бид аль болох болох талаас нь хардаг. Авсан цалингаараа амьдралаа болгоно гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Хажуугаар нь нуугаад яахав халтуур энээ тэрээ байна шүү дээ. Гэхдээ энэ улаан теарт ажиллаж, орж гарсан хүн хэзээ ч муу явдаггүй. Яаж ийж байгаад л болдог. Энэ бол сонгодог урлагийн том хаялга юм даа.