Эрүүл хүнсний төлөөх хууль хаагуур хэрэгжинэ вэ
Гэвч цөсний өвчин хүндэрвэл аюултай. Явж, алхаж чадахгүй болгодог айхавтар өвчин. Хүнд илүү эрхтэн гэж байдаггүй. Өөх тостой хоолыг задалж, шингээж боловсруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байдаг энэ эрхтэн гэмтэж өвчлөх хамгийн гол хүчин зүйл нь хоол хүнс, түүний буруу хэрэглээ юм.
Уг өвчин нь сүүлийн жилүүдэд залуужиж байгаа талаар эмч нарын санаа зовох ажээ.
Цөсний өвчнөөс болж жилд 4000 гаруй хүн цөсний уутаа авахуулж байгаагаас ихэвчлэн дунд, хижээл насныхан зонхилж байга ажээ. Гэвч хоол хүнснээс болж, зөвхөн цөс өвчилдөг юм биш, ходоод гэдсээр дамжуулаад бүх эд эрхтэн гэмтэх аюултайг эмч нар байнга сануулсаар.
Хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас авдаг манайх шиг орон эрүүл хүнсээр ард иргэдээ хангаж, хүнсний аюулгүй байдлыг хангана гэдэг бол үнэндээ хэцүү.
Уул нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга бүхий 6 бүлэг 20 зүйлтэй хууль батлагдаж, энэхүү хуультай холбоотойгоор холбогдох яам газрууд нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогч компаниудад тавих шаардлагаа чангатгасан.
Гэвч үүнтэй зэрэгцэн тамхины тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн нь хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хүчийг сулруулчихав уу гэмээр хэрэгжилт нь нэн удаан байна. Гэтэл гудамжинд тамхи татах хүний тоо тамхины хууль гарахаас өмнөхтэй харьцуулахад бараг харагдахаа больсон.
Гэтэл хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт тийм ч хангалттай бус байна.
Энэхүү хуульд хүнсний хангамж, хүнсний үйл ажиллагаанд тавих шаардлагыг зааж өгсөн. Мөн хуульд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх төрийн чиг үүрэг, хяналт зэргийг тусгасан.
Шинэчилсэн хуулиар бидний өдөр тутмын хэрэглээ болох хүнсний бүтээгдэхүүний шошго, хадгалалтын талаар нэлээд нааштай зохицуулалтууд орсон. Тодруулбал, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн баталгаа, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих хөндлөнгийн хяналт, зохицуулалт, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих хяналт, хүнсний экспорт, импортод тавих хяналт гэх мэт асуудлуудыг нарийвчлан зохицуулахыг тусгасан.
Гэтэл хөдөө орон нутагт энэхүү хуулийн биелэлт хууль гараагүй үеийнхтэйгээ адил байсаар. Тухайлбал, Дорнод аймаг Алтан-Эмээл, Бичигтээр БНХАУ-руу нэвтэрдэг. Үүгээр хэн дуртай нь хүссэн хүнсний бүтээгдэхүүнээ оруулж, ирэн худалдаалсаар байна.
Уг хуулийн хамгийн чухал нь болох импортын хүнсний шошгонд агуулагдах мэдээлэл Монгол хэлээр байх ёстой. Түүнчлэн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хувь хүмүүс хилээр оруулж ирэхийг хориглохоор заасан ч Монгол Улсад өнөөдөр үүнийг биелүүлж байгаа импортлогчид ховор байна.
Миний бодлоор, энэхүү хууль хэрэгжиж эхлээд 20 гаруй хоноод байна. Энэ хугацаанд хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг бүхий л байгууллага компаниуд бүтээгдэхүүнийхээ гадна Монгол тайлбар шошгыг наах хугацаа болсон шиг санагдана. Гэвч захын нэг дэлгүүрт ороход хүүхдийн дуртай чихэр чипснээс эхлээд шошго наалт нь гадны хэлээрээ л байж байх жишээтэй.
Дахин сануулахад шошго нь хүнсний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар,үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт зэрэг бөгөөд эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд барааг буцаан татах заалттай.
Гэтэл хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах т өрийн болон төрийн бус байгууллагууд юу хийгээд байгаа нь тодоохойгүй байна. Уул нь энэ хуулийн хэрэгжилтэд давхар санаа тавьж байх учиртай санагдана.
Хэрэглэгчдийн эрх боловсролын холбооноос өчигдөр талх савны баглаа боодлын асуудлаар хэвлэлийнхэнд хандаж байх юм. Уул нь үүнийхээ оронд гаднаас манай улсад орж ирж байгаа имфортын бараа бүтээгдэхүний сав баглаа боодолд анхаарлаа хандуулбал илүү хэрэгтэй сэн.
Мөн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох олсон орлого болон үлдэгдэл хүнсийг хураах гэх мэт нэлээд өндөр торгуультай байх юм.
Үүнээс гадна иргэд өөрсдөө л хүнсний аюулгүй байдал болоод эрүүл мэнддээ анхаарал хандуулж, бараа бүтээгдэхүүн авахдаа хугацаа, шошгыг нь анхаарч байх хэрэгтэй.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, дэлхий дахинд жил бүр 2, 2 сая хүн хоол хүнс, усаар халдварласан өвчнөөр нас барж, үүнээс 1,9 сая нь бага насны хүүхдүүд байдаг бөгөөд өндөр хөгжилтэй орны нэг АНУ-д жилдээ 48 сая хүн өвдөж үүнээс 128 мянга нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж 3000 гаруй нь нас бардаг гэсэн тоо баримтыг Өвчин судлалын хүрээлэнгээс нь гаргасан байдаг байна. Ойролцоогоор зургаан хүний нэг нь хоол хүнснээс шалтгаалсан өвчнөөр өвддөгийг харуулж байна.
Харин манай улсын хувьд хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлын төвөөс гаргасан тайлангаар 2004-2011 онд Улаанбаатар хот, 9 аймаг, 5 суманд 2573 хоолны хордлого гарсан байна.
Нийт дэгдэлтийн бараг 60 орчим хувь нь сургууль, хүүхдийн байгууллагын үдийн цайны хөтөлбөр, мөн зохион байгуулалттай арга хэмжээнд оролцогсодыг хамарсан байдаг ажээ. Өвчилсөн хүмүүсийн 48,3 хувь нь салмонеллоор, 17,2 хувь нь Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгдсэн хордлогоор өвдсөн байгаа нь тэдгээр хүмүүсийн идэж уусан хоол хүнс нь нянгийн бохирдол өндөртэй, гал тогооны ариун цэвэр, технологийн ноцтой зөрчилтэй газраар үйлчлүүлсэнтэй холбоотой байдаг ажээ.
Г.Уянга
Оллоо.мн