Ардын арми архичдын тоглоом болжээ
эхлэх сайхан поут гарсан. Тэгэхээр армийнхан саяын дөрвөн өдөр дараалаад ууж согтуурсан болж таарлаа. Ардын арми буюу одоогийн хэллэгээр Зэвсэгт хүчний дайчид гэж баахан архичин нөхдүүд байна аа. Нэг цэрэг байтугай нэг үхрийн эвэр доргиход мянган үхэр доргидог зүйр үг бий. Тэгвэл цэрэг биш офицер тэр тусмаа анги нэгтгэл удирдсан хариуцлагатай албан тушаалтан цаана чинь согтуурч хөлчүүрхэн хэрэг төвөг тарьсан байна. Долоо хоногийн өмнө Завхан дахь Зэвсэгт хүчний 325 дугаар анги шөнө дунд түгшүүрийн дохиогоор түргэн авч Улиастай хотын төвд бүрэн бүрэлдэхүүнээрээ жагсчээ. Зөвхөн тушаалаар явдаг цэргийн дүрмэнд түргэн жагсаалын дохио дуугарлаа л бол алба амины ямар ч ажил төрөл, гачигдал байсан хамаагүй орноосоо суга үсрэн үтэр цугларах ёстой. Тэгээд тэрнээс цаашхи үйл ажиллагаа байлдааны цагийн хуулиар үргэлжилдэг. Мэдээж тушаалыг хэлэлцэхгүй гагцхүү биелүүлэх тангаргаа өргөсөн улс юм. Нэгэнт түргэн авсан бол армид алба хааж буй энгийн ажилтан нь хүртэл гүйж ирдэг.
Аль Манжийн үеэс намтаржих дайчин эрсийн буурал түүхтэй Улиастай хот дахь одоогийн цэргийн ангийн жанжин нь Болдбаатар гэдэг хурандаа байдаг бололтой. Тэр баатар эр энэ шөнө зүгээр л сахилгагүйтэж, онгироо зангаа тэвчиж чадалгүй анги хамт олноо дэглэж хоносон байх юм. Түүхэнд тэмдэглэснээр бол Манжийн үед Энхтайван гэдэг цэрэг мянган цэргийн бослого Улиастайд гаргаж дуурсагдсан байдаг. Хожим 1921 онд Хатанбаатар ван Вандановыг энд баривчилснаас өөр цэрэгтэй холбоотой дуулиан сонсогдоогүй санагдана. Гэтэл манай хойч үеийн жаалууд Улиастайд ямар зорилгоор Монгол цэргийг хөдөлгөх чухал хэрэг гарав. Сонсоод байхад тус аймгийн Хурлын шинэ дарга Отгон гэдэг баатарт Болд гэдэг баатар илтгэл наклатак өгөх ёслолын арга хэмжээ хийсэн юм даг уу даа. Ноён Отгонбаатар цэргүүдийн өмнө гарч ирж согтуурхан элдвийн юм ярьж, өдөөн хатгасан байна. Шал согтуу аймгийн удирдлага, арми цэргийн дарга гэх хэдэн нөхдийн харилцан бие биеэндээ томоо гайхуулж онгирохыг нь харах гэж нийт бие бүрэлдэхүүн жагссан болж таарав. Тэдний ааш аяг бурхангүй газарт бумба галзуурав гэгчээр хэтрэн доод тушаалын офицер цэргүүддээ гар хүрч ёс бус үйлдлүүд үзүүлэн, заналхийж доромжилжээ. Цэргийн амьдрал хэдий тушаалын дор хүлцэнгүй байх дүрэмтэй ч Отгонбаатар, Болдбаатаруудын үйлдлүүд хэтэрхий хууль ёсноос хазайсан тул арга буюу бие бүрэлдэхүүн эсэргүүцэл үзүүлжээ.
Цэрэг цэрэг гэхэд согтуу хүн болгоны өмнө шөнө гүйж очиж номхон зогсоод байна гэж юу байхав. Энэ ч арай хэтэрсэн юм билээ. Өнгөрсөн зууны дал наяад оны ид цэрэгжсэн цагт үе үе танхай этгээдүүд анги салаа ротыг жагсааж байсан түүх бий. Зүүнбаянгийн овгор хал цэрэг, Жа дарга нар бүр их буу, танкийн бательион хоёр талаас босгож ирэн дөвчигнөж байж шоронд орсон яриа дуулдаж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн ангийн хашаан дотроо л болсон явдал. Үйлдэгч нь офицер биш хугацаат цэргийн албан хаагчид л тэгж сахилгагүйтдэг байсан юм. Гэтэл Монгол төрийн өмнө бүр нарийн яривал дэлхий дахины энхийг сахиулагчийн өмнө асар өндөр үүрэг хариуцлага, ухамсар хүлээсэн дээд тушаалын офицер хүн өөрөө цэрэг армийг ардуудын өмнө доош хийн гутаан доромжилсон нь нэн харамсалтай.
Ардын армийг архичдын тоглоом болгоод байгаа иймэрхүү нөхдөд хатуу цээрлэл үзүүлэхгүй бол ээлжит уултаараа төрийн эргэлт ч хийж мэдэх нь. Яагаад ингэж бодох болов гэвэл төрийн албан хаагч энд оролцсон байна. Нэг ёсондоо төр оролцсон байна гэсэн үг. Тийм учраас энэ асуудал зүгээр нэг согтуу нөхдийн тоглоом наргиан биш ноцтой байдал үүсгэж мэдэхээр байна.Төр удирдлага хоёр нь шал согтуу учир ямар ч тушаал өгч юу руу ч дайруулж болох байдал үүсчээ. Ийм согтуу удирдлага л улс орныг сүйд хийдэг гашуун туршлага гадаадаар дүүрэн байдаг. Тэд согтуудаа хамаг юм баллаж хаячихаад эрүүл болсон хойноо царай алдаад л энэ бүхэн худал зүйл шүү гэсэн шүү мэдэгдэл уншаад сууж байдаг. Тийм учраас эдгээр нөхдийг байлдааны цагийн хуулиар хатуу шийтгэх ёстой юм. Тэгэхгүй бол дараагийн нэг согтуу хурандаа, аймгийн засаг дарга хоёр зэвсэг агссан цэргийнхээ манлайд Чапаев шиг дүүлж, өөрийгөө улс орны удирдагч гээд зогсож байхыг үзэх нь шиг байна.
Арми саяхан болтол шоронгийн хулгайчаас дутахгүй дэг яраглалдаа уусчихсан, залгуулаад зах зээлийн эхэн үед өвчин тураалаар нүдний булай болж байсан үе бий. Гэвч үзэл суртлын хатуу хүлээснээс ангижирч, улс орон ардчилсан болохтой зэрэгцэн манай цэргүүд гадаадад үүрэг гүйцэтгэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож муу нэрнээсээ салсан юмсан. Одоо манай Зэвсэгт хүчний хөдөө орон нутаг дахь анги салбаруудад цэрэг дэглэж уйдаагаа гаргах, архидан согтуурч онгирч танхайрах явдал сайн нэрний далбаан доор байсаар байгаагийн нэг жишээ энэ болов. Сая Ховд дахь цэргийн ангийнхан жирийн ардууд шиг морь уралдуулж наадам хийлээ гэх юм. Тэр уралдаан дээр нь унаач хүүхэд эндэж маш харамсалтай явдал болсны дараа л цэргийнхэн ямар их мал хуйтайг дашрамд нь мэдэж алмайрцгаав. Хэдхээн дайчидтай мөртлөө хэдэн мянган мал сүрэгтэй, цэргүүд нь алба амины малынх нь хойноос хөөцөлдөөд эх орноо ч манах завгүй байдаг тухай яриа дуулдаж байна. Морь уяж найр наадам болоод явж байхад нь ямар нэг юм болвол яах юм бэ. Хэзээ заванд нь дайснаа устгах болж байна вэ. Лав л Ховдын нөхөрт тийм зав гарахгүй нь мэдээж байна.
Нэг үеэ бодвол манай арми цомхон чадварлаг болсонтой холбогдуулан гадаадын ямар ч улсаас дутахгүй хангалт, хоол унд, хувцас хунартай болсон. Цэргийн хүмүүс эрт тэтгэвэртээ гарч улсаас сул цалин хүртэх давуу эрхтэй. Төрийн одон тэмдэг хайр хишгийг бараг нормоор шахуу хүртэнэ. Ингээд байхад арай дэндэж байгаа юм биш үү? Шал согтуу хурандааг бид эх орныг минь найдвартай манаж байгаа гээд итгээд сууж байдаг. Хугацаат цэргийн албан хаагчийг бол одоо дүүрч гэхсэн. Орон нутагт ялсан улс төрийн намын зүтгэлтэн гэх мориноосоо бууж улс аймгийг төвхнүүлж мэдэхгүй бас нэг хэцүү хүүхдүүд байнаа даа. Айлын бага гээд эрхээрээ хатсан юмнууд байдаг шиг. Бусдад үзүүлсэн авир араншингаар нь шинжихэд олон түмнийг оройлон манлайлж барах уу. Юу ч хийж чадахгүй хэвтэж архи ууж, агсам тавихдаа гарамгайг нь яана. Дээр үед маниусыг цэрэгт байхад цэргийн баярын шөнө Туяа тоо гэдэг ёслол үйлдэж ангийн бие бүрэлдэхүүний харуул хамгаалалтыг улам чангаруулж туйлын сонор сэрэмж дунд өнгөрүүлж байсан санагдах юм. Баяр гэдэг ямар лайтай зүйл байсныг дал наяад орны цэргүүд андахгүй. Юун амрах улам хатуу чанд сахилга батыг сахиж харуул хамгаалалтаа чангалдагсан.
Одооны цэргүүд биш дарга нар нь гэр орон авгай хүүхэдтэй нас тогтсон эрчүүдээ шинэ цэрэг лугаа дэглэн дарамталдаг болсон гэж байна. Хамаг болохгүй явдал офицерүүд дунд л болдог гэх юм. Тэр түргэн жагсаал гэдэг бол зөвхөн дайны үед болон бэлэн байдлыг шалгах гэж дууддаг онцгой арга хэмжээ. Түргэн жагсаалын команд өгөгдсөн байхад очихгүй зайлсхийх, ирсэн ч согтуу хөлчүү байвал байлдааны цагийн нөхцөл гээд шууд газар дээрээ хатуу цээрлэл хүртдэг хуультай.
Ж.Гангаа