Наурыз ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрлөхтний баяр
Наурыз гэдэг үг анх Персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз Дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрлөхтний баяр юм. Хахир өвлийн хүйтнийг өнтэй даван, хаврын урь орж, хүн амьтны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсэний баяр билээ.
Наурыз гэдэг нь Иран хэлний Ноу-Шинэ, Руз-Өдөр гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд Наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казак хэлэнд Наурыз гэж нэрлэдэг.
Казакуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд баярын хоолны орцонд доорх долоон төрлийн бүтээгдэхүүн заавал орсон байна. Үүнд Ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно. Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорхи долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Үүнд баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм. Монголчууд цагаан сараар бууз, банш иддэг бол казакууд шөл уудаг. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг явдал юм. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол байх учиртай. Түүний нэг нь шөл. Сонгино, давс зэрэг долоон төрлийн амтлагчтай, махны шөл ууна. Энэ шөлийг хүн бүр ууна. Баяраар хичнээн олон айлд шөл ууна, төчнөөн сайн байна гэж үздэг. Махаа гал дээр болгож, шөлийг нь уух дуртай байдаг нь нэгт хоолны амт шимтэй холбоотой, хоёрт галыг ариусгах шидтэй, сайн сайхны бэлгэдэл гэж үздэгтэй салшгүй холбоотой юм. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казакууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Тухайлбал, казакууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.
Сонирхуулахад Наурызын баяр нь Иранчуудын хамгийн их хүсэн хүлээдэг баяр ажээ. Учир нь энэ баярын амралт дөрөвдүгээр сарын 2 хүртэл үргэлжилдэг байна. Нарны тоололтой холбоотой энэ баярыг зөвхөн Иранд төдийгүй, перс хэлтэй Афганистан, Тажикстан, Узбекстан, Казахстан, Киргиз зэрэг орнуудад 7000 жилийн тэртээгээс тэмдэглэж иржээ. Нарны тооллоор энэ өдөр хаврын өдөр шөнө тэнцэж, хаврын улирал эхэлдэг байна. Дэлхий даяар эртний энэ баярыг 300 сая хүн тэмдэглэж байна. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол баталж, гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын баярын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан билээ. Баярын өдрүүдэд хийсэн үйл бүтэн жил үргэлжилдэг гэж үздэг. Тийм болохоор энэ өдрүүдэд хэнтэй ч зөвлөлдөхгүй, бие биедээ өр төлөөс өгч авахгүй, дайсагналцал болон гомдлоо мартдаг учиртай ажээ.
С.Саранзаяа
Оллоо.мн