Дэд сайд Д.Ганхуяг Сингапурт айлчлав
Дэд сайд Д.Ганхуяг Сингапур Улсын Гадаад хэргийн Дэд сайд ноён Билахари Косикан, Сингапур Улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яамны 2-р Байнгын нарийн бичгийн дарга ноён Нж Хоу Юү-тэй тус тус уулзав.
Сингапур Улсын Гадаад хэргийн дэд сайд Билахари Косикан-тай хийсэн уулзалтын үеэр Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиглэл, эдийн засгийн өнөөгийн хөгжлийн талаар товч танилцуулж, улмаар манай улсын бүс нутгийн интеграцчлалд нэгдэх, олон улсын сонгуульд нэр дэвших зорилго санаачлагыг дэмжиж байхыг сингапурын талаас хүслээ. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс хоёр орны хооронд хамтарсан эдийн засгийн хороо байгуулах, Монгол Улс Сингапур Улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн туршлагыг судлах, суралцах хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Мөн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар Бага хуралд Сингапурын тал ажиглагчаар оролцох урилгатайг нотлов. Эдгээрээс гадна Сингапурын Гадаад хэргийн яамны харъяа Дипломатын академийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Сингапур Улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яамны 2-р Байнгын нарийн бичгийн дарга ноён Нж Хоу Юү-тэй хийсэн уулзалтаар Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын талаар товч танилцуулж, одоогийн эдийн засгийн байдал, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, Оюутолгой, Таван толгойн төсөл, Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт, төмөр замын талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, эдгээр чиглэлээрх хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Түүнчлэн мөн өдөр Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан манай төлөөлөгчид Сингапурын Худалдаа, үйлдвэрлэлийн яамны харъяа агентлаг Сингапурын аялал жуулчлалын зөвлөл дээр танилцах уулзалт хийлээ. Тус уулзалтанд МУ-ын ССАЖЯамны Аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Маргад, тус яамны ГХА-ны ажилтан Б.Баясгалан оролцож аялал жуулчлалын асуудлаар харилцан санал солилцлоо.
3 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Сингапур Улсын Гадаад хэргийн төрийн сайд бөгөөд Байгаль орчин усны нөөцийн асуудал эрхэлсэн төрийн сайд хатагтай Грейс Фү-тэй уулзав. Уулзалтаар хоёр орны дотоод байдал, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр улс олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж ирсэн найрсаг уламжлалыг тэмдэглэж, цаашид энэ уламжлалыг хадгалахыг харилцан илэрхийлэв. Хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн ихсэж буйтай холбогдуулан монголын тал хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны гэрээ байгуулах хүсэлтэй байгааг нотлов.
Дэд сайд Д. Ганхуяг-ийн Сингапур Улсад хийсэн айчлалын үеэр буюу 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам, Сингапурын Бизнесийн холбоотой хамтран Монгол-Сингапурын бизнес форум-ыг зохион байгууллаа. Тус бизнес форум-д МУ-ын ССАЖЯ, БХБЯ болон эрүүл мэндийн салбарын төлөөлөгч нар оролцож илтгэл тавив.
Мөн тус өдөр Дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Сингапур Улсын Авилгын хэргийг мөрдөн шалгах товчооны захирал Эрик Тан тэргүүтэй тус байгууллагын удирдлагатай уулзалт хийв. Тус уулзалтанд Монгол Улсын АТГ-ын дарга дарга Н.Ганболд НҮБ-ын Авилгатай тэмцэх конвенцийн заалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.