Барилгын ажил эхэллээ, гишүүд ээ. Ажилдаа ороорой
Ажлын байранд үйлдвэрлэлийн осол гарч байгаа үндсэн гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт хангалтгүй, мөн аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц орон тоо байхгүй зэргээс хамаардаг. Өөрөөр хэлбэл нэг ажилтандаа хавсруулан ажилладаг зэрэг зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг мэргэжлийн байгууллагууд хэлдэг.
Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр өнгөрсөн жил болон энэ оны эхний 2 сарын байдлаар барилгын салбарт гарсан гэмт хэрэг, осол аваарын дүнг танилцуулахад Нийслэлийн хэмжээнд 2012 онд баригдаж буй барилгатай холбоотой 161 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэрэг 37 бүртгэгдсэн байх юм. Үүнээс 26 буюу 70.2 хувь нь хүний амь нас хохирсон гэмт хэрэг байгаа аж. Тухайлбал Гангар инвест, Эм Си Эс, Хурд, Жигүүр гранд, Халиун төгөл, Натур Хаус, Сигма инженеринг ХХК -ийн барилгууд дээр хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам алдагдсанаас хүний амь нас хохирсон хэргүүд гарсан. Заримыг нь уншигчид маань мэдэж байгаа биз ээ.
Энэ төрлийн гэмт хэрэг 2012 онд өмнөх оноос 62.6 хувиар өссөн бөгөөд 25 хүн харамсалтайгаар амиа алдсан.
Харин 2013 оны эхний 2 сарын байдлаар 24 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хэргээр буюу 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэгэхээр он гараад гуравхан сарын нүүр үзэж байхад энэ салбарт ийм тооны гэмт хэрэг бүртгэгдсэн нь байрилгын компаниудын дотоод хяналт үнэхээр сул байгаагийн илрэл бус уу.
Мөн энэ нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам нь барилгын ажил гүйцэтгэгч компаниуд дээр хэрхэн алдагдаж байгааг харуулж байгаа бөгөөд холбогдох албаныхан,гүйцэтгэгч компаниуд үүнд анхаарах цаг болжээ.
Захиалагч компани нийт зарцуулалтын хөрөнгийн 2 хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаад зарцуулна гэх заалтыг хэрэгжүүлдэггүй. Тэгвэл энэ хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх тухай саналыг албаны хүмүүс гаргаад буй.
Орон сууцны үнэ тэнгэрт хадчихаад байгаа энэ цагт зарцуулалтын хөрөнгийн 5 хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаад зарцуулахад болохгүй нь юу байх вэ дээ. Боломжийн л санал.
Үүнээс гадна барилгын салбарт техник тоног төхөөрөмжийн чанар хангагдаагүйн улмаас хүний дээрээс кран, төмөр унах зэрэг энгийн иргэдийн амь нас эд хөрөнгө хохирох явдал өнгөрсөн онд гарсан билээ.
Хотын бараг л өнцөг булан бүрт, хөл гишгэчих зай талбай болгонд байшин барилгын ажил явагдаж, түүнд нь олон арван хятадууд гол ажлыг нугалж байдаг.
Тэгвэл барилгын гүйцэтгэгч компаниудын барилгын ажилд ашиглагдах өргөх механизмын машин, техник тоног төхөөрөмжийг хувь хүмүүс худалдаалж, мэргэжлийн бус, туршлага багатай инженерүүд угсарч байгаа нь осол аваар гарах бас нэг шалтгаан болдог ч гэлээ Хятад ажилчдыг олноор ажлуулж, алдаа дутагдал гаргалаа гэхэд тэд албан ёсны гэрээ хийдэггүй учир хариуцлага тооцох боломжгүй болгодог хэмээн барилгын салбарынхан хэлдэг. Гэвч ийм байж болох ч гэлээ хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шүү дээ.
Иймээс гүйцэтгэгч компаниуд энгийн иргэд болон ажилчдынхаа амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих нь чухал билээ.
Холбогдох албаны хүмүүс барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг нь барилгын ажил захиалагч болон гүйцэтгэгч компаниудад шаардлага боловсруулан хүргүүлэх, барилгын ажлын хашаа, самбарын журмыг ойрын хугацаанд гаргах, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргад барилгын зөвшөөрөл авахаар хүсэлт тавьсан компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа нийт хөрөнгийн хэдэн хувийг хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй тайланг хүргүүлсэний дараа барилгын зөвшөөрөл олгох, барилгын ажил захиалагч, гүйцэтгэгч компаниуд талбайн зохион байгуулалтын зураг төслөө нарийн гаргаж, талбайгаа бүрэн камержуулах, торлох, ямар нэгэн осол аваар гарсан тохиолдолд тухайн компани хариуцлагыг нь хүлээж байх үүргийг энэ жил өгсөн юм.
Гэсэн ч давхар хараа хяналт огтоос илүүдэхгүй.
Өнгөрсөн намар барилгын салбарт дараалан гарсан осол аваар, гэмт хэргүүдтэй холбоотойгоор нэр бүхий гишүүд энэ салбарт гарч байгаа осол аваар алдаа эндэгдлийн бууруулахад хяналт тавих ажлын хэсэг байгуулсан билээ. Тэд бол УИХ-ын гишүүн Ж.Батзанданаар ахлуулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ганбат, Ж.Батсуурь нар юм.
Тэд Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-д заасан хүний эрх, эрх чөлөөг ихээхэн зөрчиж байгаа хэргийг арилгаж, барилга уул уурхайн салбарын аюулгүй байдал, энэ салбарын хуулийн цоорхой юу байна, хариуцлага алдсан албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцох вэ зэрэг олон асуудлыг шийдвэрлэх олон нийтэд зарлан тунхаглаж байсан. Тэгвэл одоо барилын ажил эхэллээ. Дээрх гишүүд минь ч ажилдаа орох цаг болж дээ.
Г.Уянга
Оллоо.мн