JCI Монгол байгууллагын 2013 оны Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит академи
2013 оны Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит XI академийг Be better уриан дор нээж байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар хувь хүн өөрийн сэтгэхүйдээ хэрхэн эргэлт хийх, цаашид нийгэм, хамт олныхоо хүрээнд өөрийгөө хэрхэн дайчлан шинийг санаачлан бүтээх болон JCI байгууллагын үнэт зүйлсийг шингээсэн олон сайхан санал санаачилгыг олж, цаашид төсөл болгон хэрэгжүүлэх тухай мэдээлэл олж авах боломжтой. JCI Монгол байгууллагын хувьд энэхүү сургалтаар гишүүддээ хөгжиж суралцах, нөхөрлөх боломж олгохын зэрэгцээ, гишүүдийнхээ санал санаачилгыг сонсож нийгэмд шаардлагатай байгаа ажил үйлсийн талаар тодорхой мэдээлэл авч, цаашид оновчтой төслүүд боловсруулж хэрэгжүүлэх санал, судалгааг мөн авдаг юм байна.
Залуус хоёр өдрийн турш вакумжуулсан хэлбэрээр сургалтанд хамрагддаг бөгөөд энэ удаагийн сургалтын агуулга, модулиудыг хувь хүний хөгжил болоод өөрийгөө нээх талруу чиглүүлж, нөгөө талаас хэвшмэл академик сургалтын хөтөлбөрийг бодит жишээ, практик болгох тал дээр анхаарч зохион байгуулж байгаагаараа онцлог. Мөн дэлхийн 76 оронд сургалт, судалгаа хийн ажиллаж байсан JCI байгууллагын 2007 оны Ерөнхийлөгч Скот Грийнли болон 2009 оны JCI Монгол байгууллагын Ерөнхийлөгч Ө.Батбаяр нар удирдан явуулж байгаа нь өндөр ач холбогдолтой юм.
JCI Монгол байгууллагын 2003 оны Үндэсний ерөнхийлөгч Б.Зоригт энэхүү сургалтыг анх зохион байгуулж байсан бөгөөд 11 дэхь жилдээ үр өгөөжтэй зохион байгуулагдаж буй сургалтыг Их хүрээ салбар байгууллагын хамт олон амжилттай явуулж байна. Энэхүү сургалтыг нээж JCI Монгол байгууллагын 2013 оны Үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг
-JCI Монгол байгууллага нь 20 жилийн турш гишүүдийнхээ эгнээг өргөжүүлэн бэхжүүлэх, тэдний авьяас, санаачлага, чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Гишүүдэд зориулсан энэхүү ажлаа 2013 онд үргэлжлүүлэхийн зэрэгцээ гишүүдийнхээ нийгэмд хандсан ажлыг нь дэмжиж олон нийтэд таниулах, мөн байгууллагынхаа үнэт зүйлсийн талаар зөв цэгцтэй ойлголт өгөх чиглэлээр ажиллаж байгаа нь энэхүү сургалтын агуулгаар улам батжина гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.