Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг нөхөж олгоно
Хүний хөгжил сангийн 21 мянга, хүнсний талонтой холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
-Хүний хөгжил сангаас олгогдсон 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдэд мөнгийг нь нөхөн олгохгүй гэсэн яриа гарчээ?
-Хүний хөгжил сангийн мөнгө олголт хуулиараа бол 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Гэхдээ уг хуульд Монгол Улсын иргэн бүрт гэж заасан учраас бичиг баримтын зөрчилтэй, улсын бүртгэлд ороогүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй гэх мэт асуудалтай байсан иргэдэд энэ ондоо багтаж мөнгийг нь олгоно гэдгийг оны өмнө мэдэгдсэн.
Мөн 1-2 сарын мөнгөө дутуу авсан иргэд ч байгаа. Энэ хүмүүст Хүний хөгжил сангийн мөнгийг гүйцээж олгоно. Одоогоор олгож эхлээгүй байна.
-Зарим банкны үүдэнд Санхүүжилт ороогүй учраас Хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй гэсэн бичиг наасан байна?
-Төсөвт 31.3 тэрбум төгрөг суулгачихсан. Хөрөнгө бүрдүүлэх ажлыг Сангийн яам хариуцна.
-Нэн ядуу өрхүүдэд хүнсний талоныг өнөөдрөөс өгч эхэлнэ гэж байсан?
-Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран нэн ядуу өрхөд олгодог хүнсний талоныг энэ жил 16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнд олгохоор болсон. Талоныг олон хүүхэдтэй, гэр бүлээ авч яваа ганц бие эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхчүүд зэрэг ажил хөдөлмөр хийх боломжгүйгээс нэн ядуу нөхцөлд амьдарч буй иргэдэд олгоно. Мөн орон гэргүй хүмүүст ч түгээх юм.
Талоныг хэвлэх хугацаа нь давчуу байсан учир өнөөдөр хэвлэлтээс гарсан. Одоо бид аймгууд руугаа явуулж байна. Тиймээс энэ долоо хоногт тарааж эхэлнэ.
-Иргэд хүнсний талоноо хаанаас авах вэ. Ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Талон авах иргэд харьяа дүүргийнхээ Нийгмийн халамжийн хэлтэст иргэний цахим үнэмлэхээ хуулбарын хамт, 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээгээ хуулбарын хамт, мөн сум, хорооны хаяг, ам бүлийн талаарх Засаг даргын тодорхойлолтыг авч очих ёстой.
-Амьжиргааны түвшинг яаж тогтоодог вэ. Хүнсний талоныг олгох шалгуур нь ямар байсан бэ?
-Хүнсний эрхийн бичигт хамрагдах судалгаанд орсон өрх, иргэн босго шугамын таван хувиас доогуур байвал талон авах эрхтэй.
-Хүнсний талоноор хэчнээн төгрөгийн бараа авч болох вэ?
-Том хүн сар бүр 10000, хүүхэд таван мянган төгрөгийн хүнс авна.