Хүний нутагт ажиллах монгол залууст төрийн бодлого дутагдсаар
Дээрх иргэдийн 60-аад хувь нь 16-34 насны залуучууд. Ялангуяа Увс, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт дээрх үзүүлэлт маш өндөр гардаг. Арга ч үгүй биз. Хөдөө орон нутгийн залуус мал маллах нэгэн нь маллаж байхад маллаж чадахгүй хойрго нэгэн нь их хотыг зорьдог нь үнэн юм хойно. Улаанбаатарт ирээд бут авах нэрийдлээр ирдэг ч ирээд хийх ажил олдохгүй байна гэх үгсээр ам таглах залуусыг яах вэ? Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаад барилга хот байгуулалт, зам тээвэр гээд нийгмийн бүхий л салбарт шинэчлэлт хийгдэх гэж байхад ид хөдөлмөрлөж бүтээлцэж явах залуус маань харь улсын ханыг түшиж явах юм. Гэтэл өнөөдөр дэд бүтэц, уул уурхайн салбарт ажиллагсдын дийлэнх нь гадаадын иргэд. Тэр дундаа БНХАУ-ын иргэд зонхилж байгааг бүгд мэднэ. Уул уурхайн компаниудад Хятад болоод бусад улсын хөрөнгө оруулалт ихэнх хувийг эзэлдэг байна. Тэдгээр нь цөөхөн хэдэн монголчуудыг ажиллуулахаас илүү хямд үнэтэй, хөдөлмөрийн бүтээмж сайтай хятад ажилчдыг олноор авч ажиллуулахыг эрмэлздэг нь нууц биш. Гэтэл эх нутагтаа суугаа хэдэн мянган монгол залуу ажилгүй байгааг статистик харуулсан. Тэд бэлэнчлэх сэтгэлгээндээ автан, хялбар аргаар мөнгө олохыг л бодно. Аль эсвэл гадаад руу явах мөрөөдөлд автан, Консулын газруудын үүд сахина. Жилд 5000 гаруй монгол залуус харийн нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр анкет бөглөн, дугаарлан зогсч байгаа юм. Харин энэ хооронд хятад ажилчид манайх руу шургасаар….
Хүний нутагт хөдөлмөр эрхэлж, хэд гурван төгрөг цуглуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн зорилгоор харь орныг зорих залуус эрх биш жаргасандаа холыг зориогүй биз. Гэвч төрж өссөн Монгол нутагт минь эрүүл чийрэг бие хаатай энэ сайхан залуусаар, уул уурхай, барилга, бүтээн байгуулалт гээд хөгжлийн түүчээ болсон салбарууд ажиллах хүчээр дутагдаж, хүний хүнээр хүчээ сэлбэж байгаад юу ч бодогдохгүй байна гэж үү. Хөгжингүй орны хөрөнгө оруулагч компаниудын шалгуурыг давахгүй ажилгүйчүүдийн эгнээг энд зузаатгасаар байх уу? Гэтэл нөгөө талаараа харь орон зорьсон иргэдийнхээ тоог харийн хүнээр бөглөж ажиллах нь төрийн бодлого тодорхойлогч нарт нэгийг бодогдуулахгүй байна гэж үү. Зам засвар, барилга, Оюутолгой, Тавантолгой, Тамсагбулагийн газрын тосны орд газруудад чадварлаг мэргэжилтэн байхгүй гэх ажлын байрт тавигдах шалгуурын дагуу гаднаас багагүй тооны ажиллах хүч дотоодод нийлүүлдэг. Тод жишээ гэвэл Оюутолгой компани хөрөнгө зарцуулан мэргэжилтэн бэлтгэх тал дээр анхаарч ажилладаг нь үнэн. Гэтэл тэдний бэлтгэж буй 600 мянга, сая 300 мянга түүнээс дээш төгрөгийн цалинтай ажлын байр гээд байгаа чинь үнэхээр байдаг бол Солонгос улсад очиж, хар ажил хийхийн тулд 30 мянган төгрөг өгч шалгалтад ороод, байр, машинаа барьцаалан байж хүний нутаг зорих хэрэг монгол залууст байна уу? Харь орон зорьж хүний төлөө зүтгэх монгол залууст төрийн бодлого үгүйлэгдээд удлаа. Их бүтээн байгуулалтын ажил өрнөх гэж байна хэмээн ам бардамнан ярих төрийн түшээдэд хэдэн тэрбум хааш нь яаж үрэх нь сонин болохоос хэн ажиллаж хэрхэн бий болгох нь сонин биш бололтой.
Энэ их бүтээн байгуулалтын чинь ард хөдөлмөрлөж чадах олон мянган залуус хотоор нэг байна. Хийж бүтээх гэсэн залууст боломжийн олгоод төрийн бодлогоороо зохицуулалт хийгээсэй билээ.
С.Саранзаяа
Оллоо.мн