МИАТ-ын хохирогчдод нөхөн төлбөр өгөхөөс гадна буудал, хоол хүнсээр үнэгүй хангах шаардлага хүргэлээ

737-800 агаарын хөлөг нь цаг агаарын таагүй үзэгдэл цасан шуурга болон хуваарьт бус техник үйлчилгээний улмаас Москва хотод түр саатсан ч онгоцонд суусан 120 зорчигчийнхоо тав тухад анхаарал хандуулаагүйгээс нисэх буудлын Duty free дэлгүүрийн гадна байрлаж, онгоцны буудлын шалаар хонож, дүрвэгчид шиг амьдарч буйгаа талаар ШӨХТГ-т гомдол ирүүлээд байгаа билээ.
МИАТ ХК-ын 2013.1.21-ны A/71 тоот захирлын тушаалаар Зорчигчийг тээвэрлэхээс татгалзах үеийн нөхөн төлбөр болон нислэгийн саатал, цуцлах үеэр ашиглах журмын 7.1-д заасны дагуу 3500 км-ээс их зайтай нислэгийн хувьд 200 ам.долларын нөхөн төлбөр авна гэж заасны дагуу тус 120 зорчигчид уг нөхөн төлбөрийг олгох юм байна.
Мөн МИАТ ХК-ын үйл ажиллагаанаас хамааралтай саатлын үед 6 цагаас дээш саатсан бол ундаа хоол, зочид буудал, унаагаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ёстой юм байна. Энэ журмын дагуу үүргээ биелүүлэхийг ШӨХТГ шаардаж, холбогдох арга хэмжээг авлаа.
Л.Тамир
Оллоо.мн