Чингис бондыг чилтэл нь хүлээлгэх төсөл, хөтөлбөрүүд батлагдаагүй л байна

бол өдгөө Чингис бонд бидний замналыг цоо Шинэ, өнгө гэрэл рүү хөтлөх юм байх.
Монголчуудын хувьд 1.5 тэрбум гэдэг аймаар их тоо. Бараг л барагдахгүй, шавхагдахгүй. Харин бонд худалдан авах замаар манайд хөрөнгө оруулж, өрийн бичгийн эзэн болсон нөхдийн хувьд энэ нь тийм ч их мөнгө биш.
Гэхдээ л манайхан үүнийг зөв зарцуулж чадвал эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулах томоохон ажлуудыг хийж дуусгадаггүй юм аа гэхэд эхлүүлж дөнгөнө гэдгийг эдийн засагчид тооцоо баримттайгаар хэлээд байгаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-наас эхлэн бондын хүүнд хоног тутамд 196 сая ам.доллар төлж байгаа гэх ч Засгийн газрын зүгээс санаа зовнисон шинжгүй л байгаа.
Ер нь Чингис бонд чухам хаагуур яваад, юу бүтээгээд байна вэ. Он гарсаар бондын мөнгийг хуваарилахаар ажилласаар л байгаа. Улс орны хэмжээнд яригдахуйц, эдийн засагт оруулах хувь нэмэр нь үлэмж их бүтээн байгуулалтыг нэн түрүүнд санхүүжүүлнэ гэсэн.
Гэхдээ одоогоор бондоор санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр ганц ч байхгүй. Шууд барилга босгох цаг хараахан болоогүй ч ТЭЗҮ гаргах, зураг төсөл хийхэд өвөл, эуны ялгаа баймааргүй.
Зарим хэвлэлд Чингис бондын мөнгөнөөс арилжааны банкуудад 600 тэрбум төгрөг байршуулсан гэж бичсэн байв. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой. Одоогоор Худалдаа хөгжлийн банк- д дээрх мөнгийг долоон хувийн хүүтэй байршуулаад байгаа бөгөөд төсөл, хөтөлбөрөө ч баталгаажуулж чадаагүй Засгийн газар бондын хүүнд идүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авсан байна.
Гэвч үүнийг арга ядсан гэхээс илүү цаана нь улстөрийн ашиг сонирхол байж болзошгүй гэх хардлага ч бий.
Учир нь өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын зээл жилийн 12-24 хувийн хүүтэй байгаа. Гэтэл бондын мөнгийг долоохон хувийн хүүтэйгээр банкуудад өгсөн гэхээр хэтэрхий олон зүйл бодогдмоор.
Уг нь Чингис бондоос хөрөнгө босгох ажил амжилттай болоход Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газар маш богино хугацаанд онцгой хүчин чармайлт гарган, гадаад зах зээлд үнэт цаас гаргаж, урт хугацаатай эх үүсвэр бүрдүүлсэн.
Энэ нь богино хугацаатай, арилжааны зориулалттай хөрөнгө биш, харин Монгол улсын эдийн засаг, санхүүгийн системд урт хугацаанд эергээр нөлөөлөх, эцсийн эцэст өгөөж нь Монголд үлдэх хөрөнгө юм гэж байсан.
Хэрвээ төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэхгүйгээр, арилжааны банкаар дамжуулан зээл болгож гаргаад ашиг олно гэж тооцоолсон бол урт хугацаат хөрөнгө оруулалт гэж нэрлэхэд хэцүүхэн.
Ямартай ч Засгийн газраас зам засвар, шинээр зам тавих ажилд Чингис бондын мөнгөний эхний ээлжийг зарцуулна гэлээ.
Харин өнгөрсөн сард Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Засгийн газраас эцсийн шийдвэр гараагүй ч бондын мөнгийг хэд, хэдэн төсөлд зарцуулахаар бэлтгэж байгаа. Юуны түрүүнд энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох авто замын ажлыг санхүүжүүлэх юм байна. Дорноговь, Дундговъ, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийг нийслэлтэй холбох 1300 гаруй км авто замд 300 гаруй сая доллар зарцуулна. Мөн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 276 км төмөр замыг ирэх хавраас барьж эхлэх бөгөөд үүнд ойролцоогоор 400 орчим сая ам.доллар зарцуулах юм. Уг төмөр замд 800 орчим сая ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийднэ гэсэн.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар ийм хэмжээний хөрөнгө өөрөө босоод ирнэ гэж тооцоолоогүй байж байгаад гэнэт самгардсан бололтой.
Өө тийм, МИАТ бас Чингис бондоос хувь хүртэнэ гэсэн. Тодруулбал, бондын 1.5 тэрбум ам.долларын 200 саяар нь гурван онгоц худалдаж авна гэж сайд Н.Батбаяр хэлсэн.
Засгийн газар хуваарилалтаа хийж амжаагүй байж 900 сая ам.долларын зарцуулалтыг тодорхойлчихсон байна. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 600 сая ам.доллар дээр л жинхэнэ хуваарилалт хийгдэх нь ээ дээ.