Гаднаа гяланцаг, дотроо паланцаг Миний дэлгүүр

багагүй зөрчил илрүүлж гурвын гурван сүлжээ дэлгүүрийг нь хаагаад байгаа. Миний дэлгүүр-ийн сүлжээний дээрх салбар дэлгүүрүүд нь шинжилгээний бичиггүй буюу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй, гарал үүслийн бичиггүй, хадгалах хугацаа дууссан, битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн худалдаалсан нь тогтоогдсон гэж байгаа. Бүхэл бүтэн сүлжээ дэлгүүр яахаараа мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй байдаг билээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хаана юу хийж байдаг юм бэ?
Бас ч болоогүй хяналтын жингийн баталгаажуулалтын хугацаа нь дууссан, хяналтын жин байхгүй, барилга байгууламж, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлага, бараа худалдаалахад бэлтгэх туслах өрөө, агааржуулалтын систем ажиллахгүй зэрэг зөрчил илэрсэн. Наад захын жишээ хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг аж ахуйн нэгж байгууллагууд эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэдгийг сургуулийн насны хүүхдүүд ч мэднэ. Миний дэлгүүр гэх хаяг лоозонтой дэлгүүр нийслэлийн дүүрэг бүрт байгаа гэхэд хилсдэхгүй байх. Үйл ажиллагаагаа ч түгээн дэлгэрүүлээд удаж байгаа . Ганц удаагийн хяналт шалгалтаар эрүүл мэндийн шаардлага хангаагүй, гарал үүслийн бичиггүй, хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан нь илэрч байхыг бодоход энэ байдал хир удаан үргэлжилсэн нь тодорхой. Бид юу идэж байна вэ? Гаднаа гяланцаг дотроо паланцаг хүнсний дэлгүүрүүд бидэнд хүнс биш хор зараад байна уу даа.
Хүнсний тухай хууль гарчихаад байхад, хүмүүсийн эрүүл мэндийг боддоггүймаа гэхэд ядаж хүнд үзүүлэх улсын байцаагчийн бичигтэй байх чинь даанч яав даа. Өнөөдрийн байдлаар Миний дэлгүүр-ийн 102, 124, 105 дугаар салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулсан гэх. Нэг удаагийн зөрчил гэж үзэж байгаа бололтой юм. Гэвч энэ байдал дахин давтагдахгүй гэх баталгаа бидэнд байна уу? Ард иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй газраас хугацаа нь дууссан бараа шахахгүй байна гэдэгт итгэж болох уу? Хүнсний хууль зөрчиж байгаа энэ мэтчилэн дэлгүүрүүдэд үйл ажиллагааг нь түр хугацаагаар нь хаах биш бүр мөсөн зогсоовол яасан юм бэ? Нэгэнт хууль гаргаж мөрдөж байгаагаас хойш хатуухан сануулга, санамж болох юм биз.
С.Саранзаяа
Оллоо.мн