ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдаагүй байгаа

зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулдаг. Энэ жилийн хувьд хэчнээн оюутан гадаадад сургахаар болсон бэ?
-Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд иргэдийг их, дээд сургуульд баклавар, магистрант, докторант суралцуулахаар явуулдаг. 2011 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000 гаруй иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.
Ирэх хичээлийн жилд 750-800 иргэнийг бакалавр, магистр, докторын түвшинд суралцуулах төлөвлөгөөтэй байгаа. БНХАУ, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Харин бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг манай яам тухайн орноос манай оронд суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулдаг.
Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах, мөн амьжиргааны тэтгэлэг авах бөгөөд замын зардлыг суралцагч өөрөө хариуцна.
-Яамны зүгээс ямар мэргэжлээр суралцагчдыг дэмжиж байгаа вэ?
-Тухайн улсын хүлээж авах нөхцөлөөс шалтгаалан гэрээ хэлэлцээртээ улс орнуудад техник технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцуулах бодлого барьж байгаа.
-Засгийн газрын тэтгэлгээр ямар ямар улсад суралцах боломжтой вэ?
-Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд ОХУ-д 275, БНХАУ-д 315, Туркт 90, Энэтхэгт 30, Польшид 22, Вьетнамд 18, Лаост найм, Чехэд зургаа, Унгарт дөрөв, Казахстанд дөрөв, Румынд гурав, Украинд гурав, Болгарт хоёр, Куба, БНАСАУ-д тус бүр хоёр хүнийг эдгээр орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байна.
-Одоогоор бүртгэл нь дууссан ямар улсууд байна вэ?
-Энэтхэг, Чех, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл, шалгалт нь ерөнхийдөө дууссан. Бусад орнуудын бүртгэл хараахан зарлагдаагүй, шалгалтын тов гараагүй байна.
-ОХУ-ын тэтгэлгийг сонирхсон иргэд олон байна. Уг нь бүртгэл гуравдугаар сард болдог гэж байсан?
-Тийм ээ. Өмнөх жилүүдэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл гуравдугаар сард явагддаг байсан. Энэ жилийн хувьд тэтгэлэгтэй холбоотой журамдаа өөрчлөлт оруулж байгаа талаарх мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс чухам ямар шалгалт авах, хэдэн оюутан элсүүлэх талаарх мэдээлэл ирээгүй гэсэн үг. Энэ мэдээлэл ирсний дараа яамныхаа вэб сайтаар дамжуулан шаардлагатай мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
-Хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд зориулсан нийтлэг шаардлагын талаар товч мэдээлэл хүргэх нь зүйтэй байх?
-Бакалаврт суралцах иргэн Монгол Улсын их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсын оюутан байх бөгөөд дүнгийн голч нь 3.1-ээс дээш байх ёстой. Мэдээж тухайн орны хэлний талаарх мэдлэг чухал үүрэгтэй.
-Магистр, докторт суралцах тохиолдолд?
-Магистрт суралцах гэж байгаа тохиолдолд дипломны голчийг гол үзүүлэлт болгодог. Докторын тухайд магистр хамгаалсан байх шаардлагатай. Мөн судалгааны ажлын тодорхой туршлагыг хардаг.