Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-Ханган нийлүүлэлт 2013-ийн хүрээнд өнөөдөр хэлэлцүүлэгтэй

Дотоодын үйлдвэрлэгчдийг томоохон худалдан авагчидтай шууд холбож, тэдэнд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулжээ.
Уул уурхай, зам, барилгын бүтээн байгуулалтыг дагаж бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний томоохон зах зээл үүснэ. Зах зээлийн энэ эрэлтийг дотоодоосоо хангах нөөц бололцоо хангалттай байгаа нь өнгөрсөн цагаан сарын бэлгийн жишээнээс тод харагдсан. Бие биеэ дэмжих хоёр дахь давалгаа эхлүүлэхийг үйлдвэрлэгчид хийгээд бүтээн байгуулалтын салбарынханд уриалсан нь энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах эхлэл болжээ. Үйлдвэрлэгчид илүү чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө, худалдан авагчид нь харин илүү найдвартай дотоодын харилцагчтай байхын төлөө хамтран ажиллавал манай улс хожино хэмээн Засгийн газрын тэргүүн хэллээ.
Хүнс, оёмол болон сүлжмэл хувцас эдлэл, эм, хэвлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын 180 гаруй компани энд бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулаад зогсохгүй бараа үйлчилгээ нийлүүлэх гэрээ хэлцлүүд хийж байна. Бүтээн байгуулалтын салбарын 100 гаруй худалдан авагч тэдний бараа бүтээгдэхүүнийг судалж, мэдээлэл солилцох хүсэлтээ ирүүлжээ. Эдний дотор Эрдэнэс МГЛ, Таван толгой, Оюу толгой, Энержи ресурс зэрэг томоохон худалдан авагч, мөн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авдаг төрийн байгууллагууд ч багтсан байна.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр үйлдвэрлэгчид, худалдан авагчид, төрийн байгууллагын шийдвэр гаргагчдын хооронд ажил хэргийн уулзалтууд болох бөгөөд Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчлал, хэмжилзүйн газар зэрэг холбогдох агентлагийн удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг хийх гэнэ. Оролцогч талуудын санал бодлыг сонсох эдгээр уулзалт, хэлэлцүүлгийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулах юм.
Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-Ханган нийлүүлэлт 2013 анхдугаар үзэсгэлэн МҮЭСТО-д маргаашийг дуустал үргэлжлэх бөгөөд цаашид ийм үзэсгэлэнг хавар, намар тус бүр зохион байгуулж байхаар тогтлоо.
Г.Уянга
Оллоо.мн