Шереметьево нисэх буудалд буй зорчигчдыг УБ-с явах онгоцоор авчирна

Уг онгоц энэ сарын 24-ний өдрийн Москвагийн цагаар 20.50 цагт хөөрөх хуваарьтай байж. Нислэг 120 зорчигчтой байсан байна. 95 нь Берлинээс, 25 нь Москвагаас бүртгүүлсэн байжээ. Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудлаас нислэгт гарахын өмнө уг агаарын хөлөгт техникийн үзлэг хийхэд хөл ангийн нэг дугуйг солих шаардлага үүссэн нь илэрсэн аж. Тиймээс 25-ны өдөр Улаанбаатар хотоос онгоцны нөөц дугуйг Аэрофлотын онгоцоор илгээсэн байна. Гэсэн ч ОХУ-ын гаалийн дүрэм журам, үйл ажиллагаанаас үүдэн дугуйг гаалийн агуулахаас авч чадахгүй өнөөг хүрсэн гэнэ. Үүнээс болж дугуй солих ажил удаашрах нь тодорхой болжээ. Тиймээс Шереметьево олон улсын нисэх буудалд байгаа зорчигчдыг Улаанбаатар хотоос явуулах онгоцоор авчрах шийдвэр гаргасан хэмээн тус компанийн хэвлэлийн албанаас мэдээллээ.