Хотын гудамжинд нь золбин нохой тэнэж явдаг манайхаас өөр хот байдаг болов уу
гаруй хүн амтай метрополис хотын зэрэглэлд хүрсэн. Тэгсэн хэдий ч манай хотод дутагдалтай зүйл зөндөө бий. Зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд ч цөөнгүй. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг хог новш гэх мэт асуудлууд гамшгийн хэмжээнд хүрсэн байгаа. Харин сүүлийн үед эдгээр асуудлууд дээр нийслэлийн хаана ч тантай тааралдаж болох золбин нохойн асуудал нэмэгдээд байна.
Золбин ноход олширч дан ганц хотын захын гэр хороолол гэлтгүй хотын төв гудамж, томоохон хүнсний зах худалдааны төв, автобусны буудлууд дээр тааралдах нь ихэслээ. Хогтой газар нохой элбэг гэдэг үг зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтой. Нийслэл хот маань аль хэдийн дэлхийн хогноосоо салж чаддаггүй хогон хотуудын тоонд зүй ёсоор орсон. Тиймдээ ч өдөр ирэх бүр золбин ноход нь өссөөр байгаа болов уу. Монголчууд нохойг эзнийхээ хамгийн үнэнч сайн нөхөр хэмээн нэг их ад шоо үздэггүй. Тэгсэн хэдий ч нохойндоо тавих хяналт, халамж сул байдгаас золбин нохой төдийгүй эзэнтэй айлын нохойд уруулах нь элбэг тохиолддог болсон.
Манай оронд аялахаар ирсэн гадаадын жуулчин Монголд сэрэмжлэх гол юм нь халаасны хулгайч, золбин нохой хоёр байнга дагаж явдаг хэмээн ярьжээ. Захын хорооллын жалга шуудуунд хаа сайгүй үхсэн нохойн сэг зэм хэвтэнэ. Үүнээс элдэв нян бактер үүсч хаврын салхи шороотой агаарт дэгдэн элдэв өвчин үүсгэж байгааг мэргэжлийн холбогдох байгууллагууд анхаараад ч арга хэмжээ авч чаддаггүй. Мөн хотын гудамжинд өдөрт золбин ноход хэдэн арваараа машинд дайруулна. Нийслэлийн гэрийн хорооллуудад нохойгүй айл гэж байхгүй. Нарантуул, Хархорин, Хүчит шонхор захуудад нохой явж л харагдана. Өнөөдөр нийслэлийн захын дүүрэг хороодод орой үдэш явахад айдаг юмны нэг нь золбин ноход. Хотын хогийн цэгүүд дээр хог түүгчид нохойтой өрсөлдөнө.
Мөн нохойноос элдэв төрлийн халдварт өвчин үүсгэдэг нян бактер илэрдэг. Ялангуяа хаврын улиралд бүр элбэг. Гэтэл хотын захын гэр хорооллын айлын бяцхан хүүхдүүд жижиг гөлөгтэй наадаж, жаахан талхаа хүртэл хувааж идэж байгаа харагддаг. Үүнээс үзэхэд элдэв амьтны гаралтай халдварт өвчнийг бага насны хүүхдүүд тусах нь элбэг байгаа нь ойлгомжтой.
Иргэдийн нохойдоо тавих хяналт сул байгаагаас гудамжинд явж байсан жирийн иргэн уруулж хазуулж хохирох нь элбэг. Одоогоос хоёр жилийн өмнө таван сартай жирэмсэн эмэгтэй золбин нохдод уруулж хүүхдээ алдахаас гадна дахин хэзээ ч төрж чадахааргүй болсон. Гэтэл үүний хариуцлагыг хүлээх хэн ч байгаагүй. Хөөрхий бүсгүй л хохироод үлдсэн. Энэ мэт болзошгүй эрсдлээс сэргийлж золбин нохдыг устгах ажлыг эрчимжүүлж, эзэнтэй нохдод тавих хяналтыг сайжруулж тухайн айлын нохой ямар нэгэн байдлаар бусдад халдсан тохиолдолд эзэнтэй нь хатуу харуцлага тооцдог байх хэрэгтэй болоод байна.
Урин дулааны улирал ид дундаа явж байгаа энэ үед ч хаа сайгүй золбин ноход хэрэн хэсэж иргэдэд аюул учруулсаар байна. Тэр ч бүү хэл хотын төв гудамжинд золбин нохой явж байхыг харлаа. Харин манайхаас өөр газар хотын төвөөр нь золбин ноход хээв нэг хэсэж явдаг болов уу.
Б.Сансартуяа
Оллоо.мн