Байрны үнэ хэзээ буух вэ
мянган айлын орон сууц хөтөлбөрөөс хэн хожив. Дэнжийн мянганд байдаг Доржийнх эсвэл түүний хамар хашааны Цэцгээгийнх энэ хөтөлбөрийн зорилтод бүлэг байлаа. Гэвч Зайсанд тансаг харштай нэгэн бага хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж, хөтөлбөрийн сайхныг мэдэрч чадсан юм уу л гэж харагдаж байна.
Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар мөн л орон сууцжуулах бага хүүтэй хөтөлбөр зарлаж хөтөлбөр ч хэрэгжээд эхэллээ. Дөнгөж эхэлж байгаа ажлыг шүүмжлэхэд эрт биз. Гэвч мөн урьдын орон сууцжуулах хөтөлбөрүүд шиг байрны үнэ нэмэгдсээр л байна.
Өчигдөрхөн м.кв нь 1.350.000 байсан хуучин байр эзэн өнөөдөр 2 саяас буухгүй гээд гэдийгээд суучихдаг болж.
Үүний шалтгаан нь Засгийн газраас иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлснээс үүдэв гэж үзэж байна.
Нийслэлийн орон сууцны ханш метр квадратын үнэ дундаж нь 1,8 – 2 сая төгрөгийн үнэтэй байгаа бол тансаг зэрэглэлийн байрлал сайтай орон сууцны 1 м/кв-ийн үнэ 5 сая төгрөгт хүрчээ. Хамгийн доод талын орон сууцны үнэ м/кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй байгаа. Гэвч энэ нь хотоос нэлээд зайдуу, эсвэл захын хороололд баригдсан байрны үнэ юм.
Орон сууцны одоогийн үнийг 2010 оныхтой харьцуулахад 65,7 хувиар, харин 2012 оны жилийн эцсээс 3,7 хувиар, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2,9 хувиар өссөн дүнтэй гаргасанг албаныхан мэдэгдлээ.
Гэхдээ 8 хувийн зээлийн сургаар орон сууцнууд үнээ нэмж эхэлсэн байна. 2010 онд орон сууцны үнэ огцом өссөн нь 100.000 айлын орон сууцны хөнгөлөлтийн зээлтэй холбоотой байсан гэж судлаачид хэлдэг. Хөнгөлөлттэй зээл олгосон ч байрны нийлүүлэлт муу байсантай холбоотой гэж тайлбарлаж байсан.
Тэгвэл энэ хөтөлбөр хэрэгжихэд, цаашлаад байрны үнэ өсөхөд юу нөлөөлөв. Мэдээж Засгийн газраас иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн нь орон сууцны үнэд хүссэн, хүсээгүй нөлөөлж буй. Нэгэнт ийм аятайхан боломж олдсон тул орон сууц шинээр худалдаж авах, одоо амьдарч буй сууцныхаа талбайг томсгох, сайжруулах гэсэн иргэдийн эрэлтийг дагаж, хуучин байрны үнэ ийнхүү шинэ байрнаас ялгагдахааргүй болжээ. Хэн, хэзээ амьдарч байсан нь үл мэдэгдэх хуучин сууцыг шинээс ялгаагүй үнээр авна гэдэг байж боломгүй.
Байрны үнийн өсөлтөөс гадна урьдчилгаа 30 хувь иргэдийн хувьд асуудал болж байна. Зээлээр авах орон сууцны үнийн 30 хувийг урьдчилгаа байдлаар төлсний дараа найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Гэтэл багаар бодоход 20-30 сая төгрөгийн урьдчилгаа төлөх чадвартай нь хэд билээ.
Тэгвэл орон сууцны үнэ буурах болов уу. Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд банкуудад нийт 183.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 1925 иргэнд 97.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Тэгэхээр өнгөрсөн сарын сүүлчээр арилжааны банкаар гарч эхэлсэн шинэ зээлийг сонирхох нь их байгаа бөгөөд эхлэл хэсэгтээ орон сууцны эрэлт, нийлүүлэлт хөдөлгөөнд орж, орон сууцны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй гэж эдийн засагчид тайлбарлаж байсан батлагдав. Гэхдээ банкирууд одоогоор үнийг хазаарлаж чадахгүй байгаа ч цаашдаа нэг м/кв-ын үнийг тодорхой хэмжээгээр барих боломжтой гэж тайлбарласаар байгаа билээ.
Иргэдийн хувьд нэг м/кв-тад төлөх хамгийн боломжит үнэ бол нэг сая төгрөг. Үүнийг тулд Засгийн газар, Төв банкнаас нийлүүлэлтийг дэмжиж хөнгөлөлттэй зээл, тусламжийг олгоод байгаа.
Мөн зээл тусламж олгож эхэлсэнтэй холбоотойгоор дээр дооргүй хөдөлгөөнд орсон энэ үед байр авах, зарах нь илт нэмэгдсэн бөгөөд одоогоор байр авах хандалт нь харьцангуй их байгаа. Хаанаас хэрхэн гайгүй үнэтэй байр авах уу гээд эрэлт эрчимтэй байна. Өдгөө барилгын салбарт бүтээн байгуулалт ид өрнөж буй тул намраас нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр энэ байдал харьцангуй тогтворжиж, байрны үнэ буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс хөтөлбөр эхлэхээс өмнө мэдэгдсэн.
Ами
Оллоо.мн