Хэт өндөр үнэтэй дүрэмт хувцасаа авч дийлэхгүй хүүхэд олон байна
эцэг эхчүүдийн хувьд хүнд ачаа хэвээр байна. Шинэ дүрэмт хувцасны үнийн хувьд бага ангийн сурагчдынх 46500 төгрөг болж байгаа бол үүн дээр нэмэлт майк цамц авбал 92500 төгрөг болж байгаа юм байна. Харин ахлах ангийнханы дүрэмт хувцасны хувьд 100 мянган төгрөг байна гэсэн багцаа байгааг албаныхан мэдээлээд байсан ч нэмүү өртөгийн албан татвараа оруулаад тооцоод үзвэл 142500 төгрөг болоод байгааг эцэг эхчүүд шүүмжилж байгаа юм. Энэ нь олон хүүхэдтэй айл өрхүүдэд хүндхэн тусч байна. 3-4 хүүхэдтэй айл энэ жил сурагчийн дүрэмт хувцсанд 300-400 мянган төгрөг зарцуулахаар болоод байгаа аж.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр сургуулиудын захирал, эрхлэгч нар заавал шинэ дүрэмт хувцасыг авах ёстой хэмэээн дарамтлаад эхэлжээ. Сард авдаг хэдэн бор төгрөг нь хоол хүнсэндээ арай ядан хүрдэг нэн ядуу өрх хэд байгаа билээ. Тэдний хэдэн мянган хүүхэд сургуулийн насных билээ гэдгийг тооцоод үзэх юм бол дүрэмт хувцасаа авч дийлэхгүйн улмаас сургуульдаа явж чадахгүй хүүхэд нилээдгүй байгаа гэдгийгалбаныхан тооцож үзсэн болов уу.
Гэвч албаныхан шинэ дүрэмт хувцасны үнийг ярихаас илүү чанарын тухай л ярьж байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа тул чанар эдэлгээний хувьд дээд зэргийн гэх энэхүү дүрэмт хувцасны асуудал олны хэл ам дагуулсаар байгаа билээ.
Монголын сурагчийн дүрэмт хувцасны загвар нэгэн ижил байлгах зорилго бүхий Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг Боловсролын тухай хууль зөрчиж байна хэмээн Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооноос мэдэгдлээ. Боловсрол, Шинжлэх ухааны яам Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны загварыг батлан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам техник хэрэгслээр нь ханган Улаанбаатар ходод үйл ажиллагаа явуулдаг хэдхэн компаниар оёулахаар судалгаа явуулж байгаа нь учир дутагдалтай, хууль зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж.
Учир нь Боловсролын хуулийн 28.1.9-д аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах нь Аймаг нийслэлийн боловсролын газрын бүрэн эрхэд хамаарах асуудал байна гэж заасан байдаг. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэдхэн компаниар нэгдсэн дүрэмт хувцсыг үйлдвэрлүүлэх нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оёдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, ажлын байрны хомсдол үүсгэнэ хэмээн тэд үзэж буй юм.
Түүнчлэн сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх энэ ажилд Чингис бондын хөрөнгөнөөс 30 тэрбумыг зарцуулахаар болсон. Гүйцэтгэгч компаниудад энэ хөрөнгөнөөс тодорхой хэмжээний зээл олгогдох юм. Тиймээс дүрэмт хувцсанд зориулагдах 30 тэрбум төгрөгийн сургаар дундаас нь мөнгө завшихыг хүсэгчид олон болсон талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын сурагчдын дүрэмт хувцас үилдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо-ноос мэдээлэл хийж байсан удаатай.
Тэгэхээр нилээд их хөрөнгө мөнгө зарсан энэхүү ажил нь бас л өмнөх ажлууд шигээ дарга нарын хамаатан садан найз нөхөдтэйгөө нийлж мөнгө олох гэсэн башир арга биш байгаасай хэмээн залбирах л үлдэж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн