Болдогсон бол хүүхдийнхээ тоглоомын талбайг дархалчих юмсан
шийдэлгүйгээр хэн дуртай, мөнгөтэй нь хоосон л зай талбай байвал барилга барьчихдаг тогтолцоо манай улсад удаан үргэлжилсэний харгайгаар хүүхдүүд маань өнөөдөр тоглох талбайгүй, өвгөд хөгшид нарлаж суух газаргүй болсоор удаж байна.
Манайх Баянгол дүүргийн 18-р хороонд аж төрдөг. Энэ хорооны нутаг дэвсгэр дээр яг манай хороонд харьяалагддаг 4-5 хүүхдийн цэцэрлэг байх боловч зуны амралт эхэлчихсэн болохоор бүгдээрээ л хаалга үүдээ бат гэгч нь цоожлоод тоглох гэсэн хүүхдүүдийг оруулдаггүй. Хөөрхий хүүхдүүд хашааны гаднаас нь гаднах тоглоомыг нь харсаар өнгөрнө.
Манай байр ч тоглоомын талбайгүй тул хүүхдүүдээ зам хөндлөн гарч байж өөр байрны гадна очиж тоглодог. Тэр хавийн 10 гаруй байрны бараг бүх л хүүхдүүд тэнд очиж тоглодог байх. Учир нь тэр талбайг өнгөрсөн жилээс засч янзлан тэр хавьдаа л хамгийн том тоглоомын талбай гэж нэрлэж болохоор талбайг байгуулсан юм. Иймээс тэндхийн өвгөд хөгшид, хүүхдүүд нар хэлбийхээр тэнд л цугларна.
Гэхдээ энэ дүр зураг зөвхөн манай хорооны хүүхдүүдэд ч бус өөр дүүрэг, өөр хороолол, өөр хорооны хүүхдүүдэд ч асуудал болсоор байна.
Хүүхдүүдээ салхилуулж, тоглуулж суугаа ээжүүд юу эсийг ярих вэ. Өчигдөр тоглоомын талбайн асуудлаар баахан яриа өрнөх үеэр нэгэн ээж болдогсон бол хүүхдийнхээ тоглдоомын талбайг дархан цаазтай болгочих юм сан. Эзэд нь манай хүүхдүүд болог. Тэгэхгүй бол хүүхдүүдийн маань жаахан талбай энэ барилгын компаниудын эздэд илүү харагдаад байдаг бололтой хэмээн тоглоом наадгайгаар хэлсэн ч үнэний ортой бодогдож байлаа.
Нэгэнт одоо тэр хавьд хүүхдийн тоглоомын талбай байгуулах газаргүй болсон болохоор яалтай ч билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын 1 болон 3 дугаар байруудын хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барьж эхлээд байгаа гэх. Энэ нь хууль бус үйлдэл гэдгийг оршин суугчид нь хэлж хүүхдийн талбайгаа хэвээр үлдээхийн төлөө тэмцэж буй гэх юм билээ.
Тэгэхдээ үүнийг СБД-ийн ЗД-ийн дэргэдэх Цагдаагийн Хэлтэст 15 жилийн хугацаатайгаар тус хүүхдийн тоглоомын талбайн газрыг хороо, Цагдаагийн хэсгийн нэгдсэн цогцолбор, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр болсон байна.
Барилга орон сууж барьж болно, Цагдаагийн хичнээн ч хэлтэс байгуулж болно. Тэгэхдээ бяцхан үрсийнхээ тоглоомын талбайг дээрэмдэн байж барилга барих нь зөв үү. Зүйд нийцэх үү.
Тэгвэл яг ийм үйлдэл Хан-Уул дүүрэгт ч болж байгаа гэх. Хан уул дүүргийн 120 мянгатын тэнд хуучнаар дугуй дэлгүүр /одоо нураачихсан/-ийн ард хорооны цогцолбор барина гэх нэрийн дор барилга эхлээд сүүлд нь Хан-уул дүүргийн цагдаагийн ажилчдын байр гээд 10 гаруй давхар байр баригдаад дуусах гэж байна. Мэдээж, тэндээ бүх цагдаа нараа оруулаад орон байраар хангах нь юу бол.
Энэ мэтээр хүүхдийн тоглоомын талбайг булаагчид байсаар байгаад, тэдэнд хэн хариуцлага тооцож, нийслэл хотод цөөхөн үлдсэн тоглоомын талбайг авч үлдэх вэ.
Үүнд хамгийн түрүүнд хяналт тавьж, анхаардаг хүмүүс бол тухайн орон сууцны иргэд, аав ээж, эмээ өвөө, ах эгч нар л байдаг. Тэд санаа тавьж, тоглоомын талбайгаа авч үлдэхийн төлөө тэмцдэг. Гэвч мөнгөтэй, эрх мэдэлтний өмнө жирийн иргэд хүчгүйдэж, тоглоомын талбайгаа алддаг нь байдаг л дүр зураг болжээ.
Иймээс үүнд төрийн нүүр болсон Нийслэлийн удирдлагууд гар бие оролцож, хүүхдийн тоглоомын талбайг хадгалж үлдэхэд сэтгэл зүрх гаргах хэрэгтэй байна.
Тэгвэл өчигдөр Нийслэлээс мэдээлэл хийж зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудтай тооцоо бодох, тэднийг хянах ажлын хэсэг байгуулснаа дуулгасан. Энэхүү ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахалж байгаа юм билээ. Уг Ажлын хэсэг нийслэлийн удирдлагын зөвлөлөөс зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, удаа дараа хууль тогтоомж, норм, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрхтэй гэсэн.
Тэгэхээр хүүхдийн тоглоомын талбайгаа хамгаалахыг хүсч буй иргэд энэ хүнтэй холбогдож, уг ажлын хэсэгт санал гомдлоо ч хүргэж болох нь байна.
Бидний ирээдүй хойч үе, хамгийн хайртай нандин үрсийнхээ тоглох талбай дураараа гүйх хэсэгхэн газрыг нь барилга, орон сууц болгочихвол хүүхдүүд минь хаана чөлөөт цагаа өнгөрөөж, эрх дураараа тоглож наадах вэ. Тэдэнд Дисней лэнд, тоглоомын парк байгуулаад өг гээгүй, байгаа жаахан тоглоомын талбайг нь хамгаалж, тэр чөлөөт орчинг бүтээн байгуулалт нэрийн дор бүү хумслаасай л гэж албан тушаалтнуудаас хүсье.
Г.Уянга
оллоо.мн