Баригдаж байгаа барилга бүрт тусгай мэргэжилтэн ажиллана
Энэ оны эхний хагас жилийн байдлаар баригдаж буй барилгатай холбоотой хүнд хэлбэрийн гурав, хөнгөн хоёр, нас барсан дөрвөн хэрэг гарчээ.
Дээрх асуудал болон цаг үетэй уялдуулан НИТХ-аас өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам-ыг баталсан байна.
Уг журмаар өмнөх онуудад гарсан хэрэг, зөрчлийн үед үгүйлэгдэж байсан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, барилгын ажилтан зэргийн хоорондын уялдаа холбоог хуулийн хүрээнд тодорхой болгож өгчээ.
Мөн дээрх журмын онцлог нь барилгын үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллагууд эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг тусгай мэргэжилтэнтэй байх шаардлага аж.