Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахын тулд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан
Тэрээр энэ үеэр Жаст ойл ХХК-аа Магнай трейд ХХК-д шилжүүлэн, Жаст Агро ХХК-аа татан буулгаж зээлийн нөхөн төлөлтөндөө зарцуулахаар болсон, өөрийн бизнесээ бүрэн орхиод байгаа талаар дуулгасан юм.
Тодруулбал, тэрээр энэ үеэр Хадгаламж банк дампуураагүй , хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзсэнийхээ хүрээнд 200 сая ам.доллараар үнэлэгдээд байсан банкаа Төрийн банктай нэгтэх болсноо онцолсон бөгөөд Төрийн банкинд 1,1 их наяд төгрөгийг актив, 553 тэрбум төгрөгийн зээлийн багц, салбаруудад бэлэн байсан 150 тэрбум төгрөг, 50 тэрбумын үнэт цаас, 600 тэрбумын цоо эрүүл зээл зэрэг хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэнэ.
Харин гадуур яригдаад байгаа дампуурах болсон шалтгаан гэгдэх 162 тэрбум төгрөгний зээлийн 60 гаруй тэрбум нь 2010 онд худалдан авсан Монгол шуудан банк болон олон банкыг дампууруулсан Олон овоот-ын чанаргүй зээл болохыг батлан хэллээ.
Түүгээр ч барахгүй Олон овоот-ын төслийг хэрэгжүүлэгч Монгол газар ХХК-ны Ц.Мянганбаяраас 25 тоннын нөөцтэй хэмээн авсан А лицензтэй газар нь одоо 3 хүрэхгүй тонн нөөцтэй гэсэн дүгнэлттэй байгаа ажээ.
Иймээс тэрээр өөрийн банкаа дампуурахад хүргэсэн хамгийн том шалтгаан бол их зээлтэйдээ бус Олон овоот төсөл хэрэгжээгүй, хамтрагчаа буруу сонгосонтой нь холбоотой гэнэ. Энэ талаараа тэрээр Улсын нөөцөөр батлагдсан орд яагаад нөөцгүй болсон нь хамгийн сонин. Монгол газар ХХК-тай хамтарсан нь миний хамгийн том алдаа байсан хэмээв.
Үүнээс гадна түүнийг Хадгаламж банкийн барьцаанд тавьж, гадны банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн хэмээх яриа байсан. Тэгвэл өнгөрсөн хавар олон улсын байгууллагаар Хадгаламж банкинд зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 200 сая ам.доллараар үнэлэгдсэн. Уг банкаа одоо ямар ч зах зээлийн үнэлгээ хийлгэлгүйгээр буюу 0 үнэлгээгээр Төрийн банктай нэгтгээд байгаа.
Хүмүүсийн ярьж байгаачлан дампуурсан зүйл байхгүй. Харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийн хүрээнд нэгтгэсэн.
Стандарт банкнаас авсан зээлийг төрийн мөнгөөр төлөх вий гэсэн хардлага ор үндэсгүй. Би өөрийн бүх бизнесээ зогсоон эхний ээлжинд зээлийн төлөлтөндөө зарцуулж байгаа юм байна.
Энэ талаар тэрээр Банкны хөрөнгийг Жаст групп-тээ зарцуулсан юм биш. Угаасаа миний хөрөнгө оруулалтын хэмжээ дууссан. Тийм болохоор гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах хэрэгтэй болсон. Дотоодод Хадгаламж банкид хөрөнгө оруулалт хийхэд тэнцэх хүн олдоогүй. Тиймээс гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая ам.долларыг зээлсэн гэнэ.
Тус банкнаас мөнгө зээлэхийн тулд эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, 20 сая ам.долларыг зээлсэн байна. Эрдэнэт үйлдвэртэй 1997 оноос түншийн харилцаатай явж ирсэн болохоор холбогдох албаны хүмүүстэй ярилцаад гэрээ байгуулж, Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авчээ. Түүний ярьснаар удаа дараагаар Стандарт банкнаас зээл авсан гэнэ. Одоогоор төлөх ёстой 120 сая ам.доллар үлдээд байгаа юм байна. Гэрээ байгуулахад Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг авсан хэмээн нууцаа задаллаа.
Түүнчлэн охин компаниудын авсан зээл нуун дарагдуулж аваагүйн дээр хугацаа нь дуусах болоогүй хэвийн төлөгдөж байна гэсэн.
Тэрбээр эцэст нь ямарч байсан өрөө өөрөө төлж, барагдуулна гэв. Түүнийзээлийг улсаас барагдуулах ямар ч үндэслэлгүй бөгөөд Засгийн газар цуглахаар Хадгаламж банкыг хувьчлаад миний өрнөөс хасах хүсэлт тавих бодолтой байгаа юм байна.
Г.Аянга
оллоо.мн