Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан хайчсан бэ
Энэ хэрээрээ ч бидний өвөө, эмээ, аав ээж гээд бүгд л ахмад настан, найз нөхөд гээд бүгдийг хүндлэн, дээдэлж ирсэн. Гэтэл сүүлийн үед хүүхдийн хүмүүжил улам бүр доройтсоор байна. Ангийн анд найзыгаа хүндлэх нь бүү хэл ахмад настнаа ч хүндэлж чадахгүй байна. Автобусанд ороод суухад таяг тулсан өвөө эмээ нартай суудал булаацалдан сууж, суудал тавьж өг хэмээн шаардлага тавьсан хүнтэй ам зөрөн хэрэлдэх нь энүүхэнд болж.
Бидний өвөг дээдсийн амьдраын хэв маяг нь өөрөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодог байсан бөгөөд хорин дөрвөн цагийн турш халуун ам бүлээрээ аж төрөн амьдран суудаг байж. Мөн хүүхдийн балчир насанд нь хаан мэт, өсөх хонгор насанд нь зарц мэт , ухаан суух насанд нь нөхөр мэт өсгө гэсэн зарчмаар хүмүүжүүлдэг байсан нь амьдралын шат бүрт нь өөр өөр арга барилыг ашигла гэсэн цаад санааг агуулж байдаг.
Эрт дээр үеэс л иймэрхүү ардын уламжлалт аргаар хүмүүжүүлж хүүхдийг ёс суртахуунтай болгодог байсан. Харин орчин үед үндэсний өв уламжлалаа мэдэхгүй нэг л их харийн соёл ярьсан, задарсан тарихтай хүүхдүүд хаа сайгүй болсон байна. Хүүхдүүд ажил хөдөлмөрт суралцах нь бүү хэл үеийнхээ найз нөхөдтэйгөө ч зөв харилцаж, найзалж, нөхөрлөж чадахаа больж. Нэгэн найз нь тамхи татаж байвал боль гэж хэлэхийн оронд хамт тамхилдаг болсон нь хүүхдийн оюун санаа ямар их доройтсоныг харуулж байна. Дунд сургуулийн долдугаар ангийн хоёр охин дээр доороо оролцон бие биенийгээ үсдэн чирч байхад хажууд нь байсан ангийн хамт олон найз нөхөд нь кино үзэж байгаа юм шиг баярлан хөөрч зарим нь бүр уухайлан дэмжиж байснаас өнөөгийн хүүхдүүдийн хүмүүжил оюун санаа ямар байгааг шууд харж болно.
Энэ бүхнээс үзэхэд хүүхэд гэр бүлийн орчин сургуулийн орчинд л хүмүүжлийн зөв төлөвшилийг авах ёстой. Харин сүүлийн үед тэр бүгд үгүй болжээ. Эцэг эх нь завгүй ажилтай. Оройн цагаар л гэртээ хамт байна. Гэвч өдөржингөө ажилласан ажлын стресс, өнөөгийн нийгмийн стресс зэргээс болж уур бухимдалтай хүмүүс гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг эвдэж байна.
Үүнээс гадна хүмүүжлийг олж зөв төлөвших ёстой өнөөх сургуулийн орчинд атаман, хулгиан гэгддэг нөхдүүд үе болгонд байдаг бөгөөд сүүлийн үед тэдгээр үл бүтэх хүүхдийн зан авир, гаргаж буй үйлдэл нь цаанаа л нэг хэрцгий болоод байгаа нь өнөөгийн нийгмийн байдал олон нийтийн мэдээлиийн хэрэгсэл, тоглоомын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Үнэхээр балчир насны хүүхдийн хүмүүжилд сайнаар биш юмаа гэхэд үл нөлөөлөхүйц хэрэгсэл гэж өнөөгийн Монголд алга байна. Гадаа гарлаа тоглоомын талбайг нь нурааж барилга барьж байна, бас бөөн утаа, тэгэхээр гэртээ байсан нь харьцангуй дээр орчин болж таарна. Гэртээ орлоо зурагт үзлээ. Нөгөө л хэцүү сэдвүүдийн мэдээ, нэвтрүүлэг, кино. Тоглоом тоглоё компьютерийн эйкшн, стратеги тоглоомууд дүүрэн.
Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд тэр дундаа хүүхдүүдийн сүүлийн үед гаргаж буй ёс суртахуунгүй зэрлэг балмад авир үйлдэлд нийгмийн байдал хамгийн их нөлөөлж байна гэсэн үе юм. Хэдийгээр гэр бүлийн суурь хүмүүжил чухал хэдий ч хүүхдүүдэд гараад явъя цаг заваа зөв боловсоноор өнгөрөөе гэхэд очих газар нэгээхэн ч алга. Яриад тавтай суух тоглоомын талбай алга. Алга дарам жаахан газарт нь хөгшид нарлан сууж балчир жаалууд тоглоно. Том хүүхдүүд тэдэнтэй зэрэгцэн тоглохгүй нь ойлгомжтой. Хүүхдэд зориулсан ганц парк нь тэнгэрт тулсан үнэтэй. Найз нөхөд хамт олноороо кино үзье гэхэд гуравхан байдаг өнөөх театрууд нь бас л тэнгэрт тулсан үнэтэй.
Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдийн асуудал манай улсад орхигдсон. Сар бүр 20 мянган төгрөг өгч өнөө маргаашаа аргацааж байна. Гэтэл энэ мөнгөний оронд тэдэнд бодит хөрөнгө оруулалт хэрэгтэй байна шүү дээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн