Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шалтгаан энэ мөн үү
Тэгтэл Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан дулааны үнэ нэмснээ ч зарлаж, иргэдийн аж амьдралд нэрмээс болох нь тэр.
Урьд нь байр, цахилгаан дулааныхаа үнийг ямар ч суурь хураамжгүйгээр төлөөд болоод ирчихсэн улс гэнэт л дулааны нэмэгдэл 3-10 мянган төгрөг, цахилгааны үнийг ч нэмэгдсэн үнээр төлнө гэхээр мэдээж, таатай санагдаагүй.
Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шинэ тогтоолд цахилгааны үнийг 15-30 хувиар , дулааны үнийг тухайн байрны метр квадрат буюу талбайн хэмжээнээс хамааран өөр өөрөөр тогтоожээ. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг 15 хувь нэмснээр 1 кВт цахилгаан 96 төгрөг болох юм.
Тэгэхдээ сард 150 киловаттаас бага цахилгаан ашигладаг бол хэрэглээнийх нь 1кВТ-ын төлбөр 79 төгрөг, харин 150 кВт-аас илүү гарсан тохиолдолд 96 төгрөгөөр тооцож төлөхөөр шийдвэрлэсэн.
Ийнхүү цахилгаан дулааны үнийг нэмсэн шалтгаанаа албаныхан талбайрлахдаа, одоогийн авч байгаа эрчим хүчний үнэ тариф үйлдвэрлэлийнхээ өртөг зардлыг нөхөхөд хүрэлцдэггүй. Тиймээс эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан бөгөөд өнгөрсөн онд эрчим хүч, нүүрсний компаниудын алдагдал 60 тэрбумд хүрсэн гэсэн билээ.
Гэхдээ эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулахын тулд ийнхүү үнээ нэмээгүй хэмээн албаныхан хэлж байгаа ч бодит амьдрал дээр тийм биш. Учир тэд өөрсдөө цахилгаан дулааны үнэ нэмэгдсэнээр эрчим хүчний компаниудын алдагдал 30 тэрбумаар багасна гэсэн юм.
Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос Эрчим хүчний зохицуулах хороонд цахилгааны үнийг нэмж, дулааны тогтмол хураамж авах болсон шалтгаанаа тайлбарлахыг хүссэн албан бичиг илгээсэн бөгөөд энэхүү шийдвэр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлөхийг харуулсан судалгаа хийсэн бол түүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсчээ.
МҮЭХ-ны үзэж буйгаар цахилгааны үнэ тэр тусмаа дулааны үнэд суурь хураамж авах болсон нь ойлгомжгүй, ямар ч үндэслэлгүй гэнэ.
Түүнээс гадна ямар учраас эрчим хүчний компаниуд алдагдалд ордог вэ гэдгээ ч хэрэглэгчид болоод тэдэнд тайлбарлан, үнэхээр алдагдалд орсон бол энэхүү алдагдлыг багасгах арга хэмжээг яаралтай авахыг хүсчээ.
Хамгийн гол нь ийнхүү цахилгааны үнийг нэмж, дулааны суурь хураамж авсанаар иргэдийн амьдрал ахуйд дарамт хүндрэл бүүсгэнэ. Иймээс энэхүү дарамт, ачааллыг бууруулахын тулд тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстойг албаныханд энэ дашрамд хэлэхээ ч мартсангүй.
Харин цахилгааны үнэ нэмэгдсэнээр талхны үнэ 7,7, Алтан тариа гурилын үнэ 2,1 хувиар нэмэгдэнэ хэмээн Эрчим хүчний хорооноос мэдэгдсэн бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хэрэв үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнийхээ үнийг энэ заасан хувиас илүүгээр нэмбэл гарсан үр дагаврт Эрчим хүчний зохицуулах хороо хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа мөн уламжилсан байна.
Тэгэхээр ирэх наймдугаар сарын нэгнээс цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж эхэлнэ. Ингэснээр иргэдэд багагүй бухимдал үүсэх нь бололтой. Учир нь нийслэлийн ихэнх айл өрхүүдийн цахилгааны хэрэглээ 150 кВт-аас дээш гардаг. Тэгэхээр эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 15-30 хувийн нэмэгдлээр тэдгээр айлууд цахилгааны төлбөрөө төлөх нь. Харин үүнийг хаа хаанаа хүртээмжтэй, боломжийн байдлаар шийдэх арга нь тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал хэмээн МҮЭХ үзэж буй.
Г.Аянга
оллоо.мн