Цэцэрлэгт хүрээлэндээ чөлөөт цагаа өнгөрүүлье
эхлүүлээд байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэл хотын иргэд ихээр цугларч чөлөөт цагаа өнгөрөөх болсон. Тийшээ зориход хаа сайгүй цэцэрлэгжилтийн ажил хийгдэж байгаа бололтой, мод цэцэг тарьсан ногоон орчин угтсан. Шөнийн гэрэлтүүлгийн хажуугаар хус мод тарьчихсан, төв цэгтээ хоёр хунтай усан оргилуур оргилж байлаа. Усан оргилуур тойрч хүүхдүүдээ салхилуулсан, скет, дугуй унасан хүүхдүүд болон найз нөхдөөрөө нийлж саравчтай дугуй унасан хүмүүс их зугаатай цагийг өнгөрөөж байгаа харагдсан.
Үүдээр нь ороход үйл ажиллагаа явуулж байсан ганцхан газар байсан. Тэр нь унадаг дугуйг төлбөртэй унуулах үйлчилгээ. Нэг, хоёр, дөрөв, таван хүний гэсэн төрлөөр өөр өөр үнэтэй. Дугуйг унаж байгаа хүмүүс цэцэрлэгт хүрээлэнг бүтэн тойроход бараг нэг километр болж байна. Цагт баригдахгүй болохоор залуучуудад их таатай байгаа бололтой. Цэцэрлэгт хүрээлэнд орой гэрэлтүүлэг нь асч, улам өнгө нэмдэг учраас хүмүүс ихээр цуглардаг байна. Заримдаа машин тавих зай хүртэл олдоггүй гэнэ. Чөлөөт цагаа зав боловсон өнгөрүүлэх боллоо гэж хэсэг ярьж суусан хүмүүс дээр очиж яриа өрнүүлэхэд Нийслэл хотдоо ингэж цэцэрлэгт хүрээлэн баригдсанд их баяртай байгаа. Хүмүүс тэр болгон салхинд гараад байдаггүй шүү дээ.
Бид хүүхдүүдээ салхилуулахаар өглөөний зургаан цагт ирэхэд усан оргилуур нь ажиллаж байсан. Усан оргилуур нь эрт ажилладаг юм байна. Цэвэр агаартай учраас их таатай байна гэж байсан. Эхний ээлжинд 55 га талбайд ногоон байгууламжийг төлөвлөж 0,95 га-д эхний бүтээн байгуулалтын ажил болох дугуйн талбай, усан оргилуур, хөшөөт цогцолбор зэргийг барьж байгуулаад байгаа аж. Ийнхүү ярьж байх зуур Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-гийн захирал Б.Саранчимэг хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийлээ. Тэрээр Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүх төрлийн судалгаанууд хийгдэж, зураг төслийн дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Одоогоор 22 төрлийн мод, сөөг тарьж болно гэсэн судалгааны үндсэн дээр 110 мянга гаруй мод, сөөг тарьж, арчилж ургуулж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл ногоон орчинг бий болгохын төлөө зорин ажиллаж байна. Нийтдээ 960 га талбайд бүтээн байгуулалт өрнөнө. Эхний 183 га талбайн зураг төслийг гаргасан, үлдсэн га талбайн зураг төслийн судалгааны ажил үргэлжилж байна. Энэ бүгдийг хийхэд 90 гаруй сая ам.долларын хөрөнгө шаардлагатай байгаа. Мөн үүнээс гадна 600 гаруй сая төгрөгөөр иргэдэд үйлчлэх төвийг барихаар болоод байгаа юм. Маш том бүтээн байгуулалт учраас ойрын хугацаанд бүрэн ашиглалтанд орохгүй. Ямар ч байсан 2020 оноос өмнө бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа хэмээн ярилаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 960 га талбай бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дахь Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх талбайг хамарч байгаа юм. Анх тус хүрээлэн 27 хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан бол одоо зуу гаруй хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна. Засгийн газраас 5,3 тэрбум төгрөг батлаад байгаагаас энэ жилийн хувьд 1,5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Монгол цагдаа цогцолбор талбай, усан оргилуур, Мянганы сорилтын сангийн нэрэмжит төгөл, байгууллагуудын нэрэмжит талбай Сэтгүүлчдийн төгөл гэх зэрэг олон ажлууд хийгдэж байна. Мөн дэлхийн томоохон улс орнуудад байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн жишигт хүргэхээр олон ажлууд хийгдэж эхэлжээ.
Шинээр ногоон байгууламжийг цэцэрлэгжүүлж, хүүхэд залуучуудын амрах хэсэг, агаарын лифт, цэцгийн хүлэмж, иж бүрэн цэцэрлэгжүүлэлт зэрэг ажлуудад төсөл боловсруулаад бэлтгэл ажилдаа орсон байна. Бусад улс орнуудын жишгээр цэцэрлэгт хүрээлэнтэй болж байгаад нийслэл хотын иргэд ам сайтай байна. Харин цэцэрлэгт хүрээлэнг зорин ирэхэд автобусны явах чиглэл байдаггүй болохоор хүндрэлтэй байгааг хэлж байсан юм. Албаны хүнээс тодруулахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин ирэгсдэд зориулж автобусанд чиглэл нэмж, авто зогсоол бариулах асуудал дээр ажиллаж байгаа гэлээ.
Дашрамд дуулгахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь сэрүүний улирлаар өвлийн амралтын хүрээлэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн дугуй унуулж, усан оргилуурын урд ногоон байгууламжийн цаад талд нь цана, чаргаар гулгах үйл ажиллагаа явуулах ажил хийгдэнэ. Манай улсад ихэнх цэцэрлэгт хүрээлэн сэрүүний улирал болохоор үүд хаалга барьчихдаг. Тэгвэл тус хүрээлэн нь монголдоо анхдагч гэхэд болно. Чөлөөт, амралтын цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хүссэн иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих нь улам ихэсч байна.
Э.Цагаан-Уул