Д.Нанзаддорж дарга аа, хэлсэндээ хүрнэ шүү
Улаанбаатар хотод өрнөж байгаа замын бүх ажил ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд дуусч, зорчих хэсгээ нээнэ гэсэн. 2013 оны хувьд нэлээн хожуу буюу дөрөвдүгээр сараас эхэлсэн зам засварын ажил өнөөдрийн байдлаар 41 байршил дээр явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэл нь одоогоор 63 орчим хувьтай яваа нь НАЗГ-ын дарга Д.Нанзаддоржийн сэтгэлийг амрааж Бүх замын зорчих хэсгийг есдүгээр сарын 1-н гэхэд бэлэн болгоно гэж хэлүүлсэн нь ойлгомжтой. Энэ жилийн тухайд Улаанбаатарын зам засвар, шинэчлэлтийн ажилд Чингис бонд-ын мөнгөнөөс нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд сарын дараа хүлээн авч дуусах шинэхэн замууд чанарын хувьд ярих юм байхгүй гэж Д.Нанзаддорж дарга мэдэгдэнэ лээ. Энэ нь жил ч бололгүй хагарч үйрээд, өм цөм болчихдог замыг бид дахин харахгүй гэсэн үг л дээ.
Өнөөдрийн байдлаар бүрэн ашиглалтад орсон дөрвөн зам /Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км зам, СБД, I хороо, Олимпийн гудамжны 1.1 км зам, Цагаан давааны хогийн цэг хүрэх хайрган хучилттай 1.66 км зам, Шалган бүртгэх товчоодын зам/ зорчих хэсгээ бүрэн нээж, явган зам гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа есөн зам, нэг гүүр /Дандарын гудамжны 0.9 км зам, Бэлхийн 5 км замын шинэчлэлтийн ажил, Сэлбийн хос гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил… гэх мэт/ байгаа бол гэрээ байгуулах шатанд хоёр гүүр /Онцгой нөхцөлд ашиглах түр гүүр, Дунд голын доод гүүрийг хос гүүр болгон шинэчлэх/, ажил явагдаж байгаа 21 зам /Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртлэх 1.7 км замын ажил, Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замын өргөтгөл, шинэчлэлт… гэх мэт/, тендерийн үнэлгээний шатанд гурван ажил, дахин тендер зарласан нэг зам байгаа юм байна.
Мөн энэ жил явган хүний зургаан гүүр барихаар төлөвлөж байсан ч үзэгдэх орчинг хязгаарладаг гэсэн шалтгаанаар дөрвийг нь болиулж, хоёрыг нь барихаар болжээ. Хэдийгээр зам засвар, шинэчлэлтийн ажил ийнхүү урагштай байгаа ч зам засвар, шинэчлэлтийн ажилд хөрөнгө мөнгө, ажиллах хүч зэрэг гол хүчин зүйлээс гадна газар чөлөөлөлт ихээхэн саад учруулдаг гэнэ.
Нийслэлийн авто замын газраас тухайн газрыг чөлөөлүүлж өгөхийг Нийслэлийн газрын албанд мэдэгддэг ч зарим иргэд өөрийн газрыг чөлөөлж өгөхөөс эрс татгалзаж, газраа чөлөөлдөггүй нь зам засварын ажил хойшлоход хүргэдэг гол бэрхшээл ажээ.
Тиймээс зарим тохиолдолд зургаа орчим метрийн өргөнтэй хийгдэх явган хүний зам 1-1.5 метрийн өргөнтэй хийгддэг байна.
Манай улсад байдаг цорын ганц олон улсын гэж нэрлэж болохуйц Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замын өргөтгөл, шинэчлэлт ажил 40 хувьтай яваа бөгөөд энэ сарын 25-нд урд урсгалаа нээж, аравдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж дарга Улаанбаатарт өрнөж байгаа зам засварын ажлын талаар нэг иймэрхүү чихэнд чимэгтэй мэдээлэл хийв.
Харин Д.Нанзаддорж дарга аа хэлсэн үгэндээ эзэн суугаарай. Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд одоо шинэчлэгдэж байгаа бүх замын зорчих хэсэг бэлэн болсон байна гэж та хэлсэн шүү.
Харин сургууль, цэцэрлэг, алба ажил эхлэх болоход Бороо ороод, бас газар чөлөөлөлт удаашраад зарим замын ажил дууссангүй гэсэн шүү юм яриад сууж байв аа. Тийм тайлбар сонсмооргүй л байна шүү Д.Нанзаддорж дарга аа, гэж иргэд үг дайж байна лээ.