Н.Батсуурь Монголчуудынхаа үндэсний бөхөө хүндлэн дээдэлдэг ёсыг улам их мэдэрч байна
зургаа давж Монгол Улсын харцага хэмээх хүндтэй цол хүртсэн Н.Батсуурийг нутаг буцах гэж байхад нь уулзаж Өглөөний зочин буландаа урьж ярилцлаа. Тэрбээр ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны бөх юм.
-Юуны өмнө өнөө жилийн наадамд өнгөтэй сайхан барилдаж харцага цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Өө маш их баярлалаа.
-Ингэхэд төрийнхөө их баяр наадамд хэдэн жил зодоглож байна вэ?
-Таван жил төрийнхөө их наадамд зодоглолоо. Энэ жилийн хувьд нутгийнхаа бөхчүүдтэй Тэрэлжийн Харзат амралтад бэлтгэл сургуулилтаа базаасан. Бэлтгэлээ сайн хийсэн учраас өнөөдрийн энэ амжилтад хүрлээ. Мэдээж миний амжилтад гэр бүлийнхнээс гадна ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны хамт олон болон Химон констракшн компанийнхан багш, дасгалжуулагч гээд маш олон хүчин зүйл нөлөөлсөн гэж бодож байна.
-Таныг бөхийн удамтай гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Аав, өвөө тань улсын цолтой бөх болохоор бөх болох нь эхнээсээ тодорхой байсан байх. Анх бөхийн замд хэрхэн орж байв даа?
-Манай өвөө Ж.Гэлэг, аавын ах Г.Даваасамбуу хоёр улсын начин хүн. Эрдмийн зэрэг хамгаалсан цөөн бөхийн нэг л дээ. Харин аав минь улсын харцага цолтой. Багаасаа бөхийн гэр бүлд өссөн болохоор бөх болно гэдгээ эртнээс мэддэг байсан нь үнэн. Хүүхэд байхаасаа л аавыгаа дагаж энд тэндхийн наадам, барилдаануудад алгасалгүй очдог байсан. Үеийнхээ хүүхдүүдтэй байнга барилдана. Ингэж явсаар наймдугаар ангид байхдаа бөхөөр тууштай хичээллэхээр шийдсэн. Бөхийн дугуйланд ч явж эхэлсэн. Тухайн үед үндэсний бөхийн УАШТ-нд тавдугаар байрт орчихоод их л урамшиж байж билээ. Харин 19 настайдаа Ховдын наадамд барилдаж, аймгийн начин цол хүртсэн. Гэхдээ дунд нь хоёр жил Япон яваад бөхөөс нэг хэсэг хөндийрсөн гэх үү дээ.
-2011 онд аймгийн арслан цол авч байсан санагдаж байна?
-Тийм ээ, Дархан-Уул аймгийн 50 жилийн ойгоор наймын даваанд Улсын харцага Ө.Даваабаатартай барилдаж даваад аймгийн арслан цол хүртсэн.
-Энэ жилийн улсын наадамд дөрвийн даваанд өнгөрсөн жилийн түрүү бөхтэй оноолт таарсан. Тухайн үед дотроо яг юу бодож байв?
-Дөрвийн даваа бол үзэгчид, бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг мөч. Тэр ч утгаараа оноолт чанга таарах тохиолдол бий. Миний хувьд нутгийнхаа залуу арслан П.Бүрэнтөгстэй таарсан. Сайхан яваад барилдчихъя гэж бодож гарч ирсэн. Санаандаа хүрч барилдаад даваа авсандаа баярладаг.
-Ер нь энэ жил таны хувьд тунаж үлдээд байсан. Наадмын барилдаануудаа эргэн дурсвал?
-Тийм ээ. Гурвын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж барилдаад давсан. Дөрвийн даваанд арслан П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ах намайг амалж авсан. Энэ цагийн хүчтэй харцагуудын нэгээр улсын цолны босго алхаж байгаагаараа тухайн үед бахархаж л байлаа. Харин зургаагийн даваанд шинээр улсын начин болсон Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Л.Цэрэнтогтохтой тунаж барилдаад мөн л давсан.
-Та хоёрын хувьд өмнө нь олон удаа таарч барилдаж байсан байх аа?
-Бид хоёр өмнө нь олон удаа таарч байсан. Өгөө аваатай байдаг юм.
-Та зургаагийн даваанд барилдаж давчихаад их л баярлаж байх шиг харагдсан. Ааавынхаа цолонд хүрсэн болохоор тэр үү?
-Яг тийм. Зургаа давчихаад төрийнхөө их есөн хөлт цагаан тугаа тойрч байхдаа цээжээ дэлсээд авмаар л санагдаж байсан шүү. Аавынхаа цолонд хүрч үнэхээр их баярлаж байлаа. Найз нөхдөөс эхлээд олон хүн баяр хүргэж байсан. Одоо ч гэсэн энд тэнд явахад баяр хүргэсэн хүмүүс байдаг. Ер нь монголчууд маань үндэсний бөхөө хүндлэн дээдэлдэг ёсыг улам их мэдэрч байна.
-Долоогийн даваанд мөн л улсын заан Б.Батмөнхтэй тунаж барилдсан. Та хоёрын барилдаан цэрвүү байдлаас нэлээд удаж байгаа харагдсан?
-Бид хоёрын хэн давсан нь Монгол Улсын заан хэмээх эрхэм хүндтэй цолыг авах байсан. Би эхэндээ барьцанд хүрээд барилдчихъя гэж гарч ирсэн нэг л болж өгөөгүй. Харин дан золгоон дээрээс л бүх юм шийдэгдсэн. Б.Батмөнх эхэлж мэх хийсэн. Тэр хүний шийдвэр зөв болоод л би өвдөг шороодсон хэрэг. Аливаа бөхийн барилдаан хором бүрт ухаан бодлоо уралдуулж байдаг хойно. Одоо яая гэх вэ дээ. Ирэх жилийн наадам мөн ч хол байна даа гэдэг шиг л. Би начин цолыг алгасаад шууд харцага болсондоо маш их баярлаж байгаа. Гэхдээ улсын цол хүртэж буй бөхчүүд цолондоо ханаад дараагийн барилдаандаа анхаарлаа сайн хандуулж чаддаггүй сул тал бий гэж олон хүн ярьдаг. Надад харин тийм зүйл ажиглагдаагүй шүү. /инээв/
-Нутаг явах гэж байгаа юм байна. Цолны найраа хэзээ хийх вэ?
-Тийм ээ. Өнөөдөр төрсөн нутгийнхаа зүг хүлгийн жолоогоо залах гэж байна. Сэтгэл догдлоод сайхан байна. Цолны найрны тов хараахан гараагүй байгаа. Тэгж байгаад монгол ёс заншлаа дагаад өөрийнхөө хэмжээнд мялаалгаа хийх бодолтой байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашид олон жил зүлэг ногоон дэвжээндээ зодоглож наадамчин олноо баясгаарай?
-Баярлалаа. Тэр ерөөл бат оршиг. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсэе.