Улаанбаатарт 24-26 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт 12 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Идэр, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-40 см давсан байна. Мөн ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд, Хэрлэн-Чойбалсан, Халх-Баянхошуу орчмоор үерийн түвшинг давсан хэвээр байна. 7 дугаар сарын 27-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин 7 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхнө. Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.