Ташаа мэдээлэл цацагдсанд иргэд бухимдалтай байна
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханаас тодруулахад Хадгаламж банкны эзэмшигч Жаст групп-ын үйл ажиллагаа доголдсон бөгөөд төлбөрийн хүрэлцээний үзүүлэлтээ хангаж чадахаа больсон гэсэн юм. Харин Жаст групп-ийн мэдэлд байсан тус банкийг Төрийн банканд шилжүүлсэн нь харилцагчдын эрх ашгийг хамгаалах хамгийн сайн арга хэмээн үзжээ. Ийнхүү энэ сарын 22-ны шөнийн 0400 цагт Монголбанк-ны хүлээн авагчаас Хадгаламж банкийг Төрийн банкинд хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү энэ сарын 23-ны өдрөөс тус банк хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Энэ нь Хадгаламж банкны хувьд том амжилт гэдгийг тэд мэдэгдээд байгаа юм. Харин хаяг солих гэх мэт бага зэргийн ажлууд үргэлжлэн явагдаж байгаа гэнэ. Харин иргэдийн зүгээс болгоомжлол ажиглагдаж байсан бөгөөд Хадгаламж банк үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон хэмээх буруу ойлголтыг аваад байсан. Үүнийг ташаа мэдээлэл гэдгийг Монголбанк болон Төрийн банкнаас хариуцлагатайгаар мэдэгдэж, Жаст групп-ын ерөнхий захирал Ш.Батхүү хэвлэлийн бага хурал хийснээр банкны үйл ажиллагаа доголдоогүй талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл иргэд энэ тал дээр ямар байр суурьтай хандаж байгааг Хадгаламж банкны зарим салбараар үйлчлүүлж буй иргэдээс тодруулж, банкны үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй сонирхлоо.
Хадгаламж банк хэмээх хаяг Төрийн банк тооцооны төв гэсэн хаягтай болсон байв. Банкаар орж, үйл ажиллагаатай танилцахад ерөнхийдөө хэвийн, байр, цахилгааны мөнгөө төлөх гэсэн иргэд ихэнхи нь байлаа. Банкны доторхи хаалга, өрөө тасалгааны хананд Хадгаламж банк бус Төрийн банк хэмээх хаяг наалттай байгаа харагдсан нь шуурхай үйл ажиллагаа явуулж хаяг солих ажлаас эхлэн харилцагчдыг хохироохгүй байх талын арга хэмжээг авч байгаа нь харагдаж байсан юм.
Харин анхны ташаа мэдээлэлд итгэн Хадгаламж банкинд хадгалуулсан мөнгөө авах гэсэн иргэд цөөнгүй байлаа. Төрийн банкнаас мэдэгдэл хийж, Жаст групп-ын ерөнхий захирал Ш.Батхүү өөрийн биеэр мэдэгдэл хүртэл хийсэн байхад иргэд нэг л итгэлгүй байгаа бололтой.
XI хорооллын Төрийн банк тооцооны төвөөр үйлчлүүлж буй иргэн Э. Жаргалсайхан
-Миний хувьд Хадгаламж банк дампуурсан гэх мэдээллийг сонсоод нэлээд бухимдсан. Мэдээллийг сонссон өдрийнхөө маргааш нь Хадгаламж банкны дансанд хадгалуулсан мөнгөө авах гэж очсон. Гэхдээ үйл ажиллагаа хэвийн байгааг нь мэдээд аваагүй.
XI хорооллын Төрийн банк тооцооны төвөөр үйлчлүүлж буй иргэн Ж.Нямбаяр
-Миний хувьд Хадгаламж банкаар байнга үйлчлүүлдэг. Энэ банкны хугацаатай хадгаламжинд мөнгө хадгалуулсан. Харин тус банк дампуурах нь гэсэн мэдээлэл гарснаар хугацаатай хадгаламжинд байршуулсан мөнгөө авахад хүрсэн. Хугацаатай хадгаламжаа хугацаа-наас нь өмнө авах болсноор 800000 гаруй төгрөгийн хүү хүчингүй болоод байсан юм. Харин надад үйлчилсэн теллерийн зөвлөснөөр бол ямар ч айх аюул байхгүй, банк цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах юм гэнэ. Миний хугацаатай хадгаламжийн хугацаа арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дуусна. Ямартай ч өнөөдрийн хувьд хадгалуулсан мөнгөө авсангүй. Нэгэнт банк дампуурахгүй юм бол хугацаатай хадгаламжинд хадгалуулсан мөнгөнийхөө хүүг үгүй болгоод яах билээ.
Э.Долгорсүрэн