Д.Жаргалсайхан Хүн төрөлхтөн амьдрахын тулд цөмийн энерги хэрэглэнэ
мэдээллээ. Цаад утга нь Монгол Улсад атомын цахилгаан станц барих шаардлагатай байгааг илэрхийлсэн юм. Манай улс дотоодын хэрэгцээндээ 3.5 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2013 онд 9.6 сая тонн болж өссөн. Таван жилийн дараа 20 сая тонн нүүрс хэрэглэх тооцоог гаргасан байна.
Дулааны цахилгаан станцын нэг сая тонн нүүрсээр гаргах эрчим хүчийг атомын цахилгаан станц нэг кг уранаас гаргах боломжтой аж. Зөвхөн Улаанбаатар хот 2018 он гэхэд 50 тоннын даацтай 4000 вагон нүүрс хэрэглэх бол атомын цахилгаан станцаар хэрэглээгээ хангахын тулд ганцхан портер урантай бол ямар ч асуудалгүй өвлийг давах юм байх.
Атомын цахилгаан станц нь хамгийн хямд цахилгаан үйлдвэрлэхээс гадна ашиглалтын зардал нь дулааны цахилгаан станцаас дөрөв дахин бага, олон дэд бүтэц хэрэглэдэггүй, 11 дахин бага талбай эзэлдэг, хүлэмжийн хий ялгаруулдаггүй байгальд ээлтэй гээд олон давуу тал бий гэдгийг Цөмгийн энергийн газрын мэргэжилтэн Д.Жаргалсайхан онцолж байлаа.
Түүнээс цөмийн эрчим хүчний талаар дараах тодруулгыг авлаа.
-Өмнө нь байгаль орчны иргэний хөдөлгөөнийхөн цөмийн эрчим хүч шиг аюул энэ дэлхий дээр байхгүй талаар мэдээлж байсныг одоо төрийн байгууллагууд эрс няцааж байна. Үүнд ард иргэд төөрөлдөөд байх шиг байна?
-Ер нь цөмийн станц барихад хоёр янзын зам байдаг бололтой. Нэг нь Хойд Солонгос, Хятадын зам. Энэ замаар явахын тулд ард иргэдээс ямар нэгэн санал хүсэлт сонсох шаардлагагүй Засгийн газар нь хийнэ л гэсэн бол хийнэ. Харин нөгөө зам нь АНУ, Японы асуудлаа шийдэж байгаа арга барил. Энэ нь иргэдэд үнэн учрыг ойлгуулан хэлэх замаар асуудлыг шийднэ гэсэн үг. Манайд ард түмнээсээ нуух, аль эсвэл шууд хүчээр шийдэх боломж байхгүй учраас үнэнээ хэлээд л ойлгуулах хэрэгтэй.
Гадаад улс орнуудын ашиг сонирхол, манай төрд байгаа зарим албан тушаалтнуудын ашиг сонирхол, сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станцаас гарах эсрэг мэдүүлэг гээд маш олон бэрхшээл байна. Яг одоо төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэн хүртэл бүгд л атомын цахилгаан станцын эсрэг байгаа мэт харагдана. Ойлгуулж хэлэх танин мэдүүлэх зүйл огт хийхгүй байгаа энэ нөхцөлд жирийн иргэд айж эмээх нь зүй ёсны хэрэг. Харин төр барьж байгаа нөхдийн өнөөдрөө гэсэн зусарч үзэл улсын ирээдүйд утаан хөшиг болж байгаа нь харамсалтай.
Гэтэл дэлхий нийт атомын цахилгаан станц хэрэглэхийг эрмэлзэж байна. Нийт эрчим хүчний хэрэглээ 12 дахин нэмэгджээ.
-Олон нийтийн дунд атомын цахилгаан станцаас татгалзаж байна гэсэн мэдээлэл их байдаг. Таны хэлж байгаагаар бол нэмэгдээд байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Би энд маш олон жишээ хэлж чадна. Тухайлбал БНХАУ-д цөмийн эрчим хүчний реактор 26-г барьж буй бөгөөд цаашид 74-ийг нэмж барихаар төлөвлөж байна. Энэтхэгт долоог барьж, 56-г төлөвлөж, ОХУ 10-ыг барьж, 14-ийг төлөвлөж, АНУ-д хоёрыг барьж, 13-ыг төлөвлөж, Япон хоёрыг барьж гурвыг төлөвлөж, БНСУ тавыг барьж, зургааг барихаар төлөвлөж байна. Ийм жишээг Англи, Франц, Канад зэрэг орны хувьд ч дурдаж болно. Хөгжиж буй орнуудаас Вьетнам 2020 онд ашиглалтад оруулах, тус бүр 2000 мВт чадалтай хоёр цөмийн станцынхаа нэгийг ОХУ, нөгөөг нь Японы тусламжтайгаар барьж байна. Арабын Эмират 1400 мВт чадалтай дөрвөн реактор 2020 онд ашиглалтад оруулах тухай 40 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ БНСУ-тай байгуулаад ажилдаа орлоо.
Йордан 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар дэд бүтцээ байгуулж байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж буй Малайз, Индонез, Египет, Бангладеш, Тайланд, Филиппин, Шри-Ланка, Венесуэл, Кени зэрэг олон орон байна. Эдийн засгийн хөгжлийн талаар юм хийх гэж байгаа бол хамгийн түрүүнд эрчим хүч хэрэгтэй. Тиймээс эрчим хүчний зөв шийдлийг олох л хэрэгтэй байна даа. Одоо сонгууль дууссан. Ажлаа хий гэж тэдэнд хэлмээр байна. Санал авах гэж ард түмнээс асууя гэдгээ болих хэрэгтэй. Улс орны хэтийн бодлогыг шинжлэх ухааны нарийн тооцоогоор эрдэмтэд гаргаж ирэхээс биш ард түмэн гаргадаггүй.
Тийм учир Монголын ирээдүйд санаа зовж байгаа бол эрдэмтдийн үгийг сонсож, үйл хэргийг зөвөөр эхлүүлэх учиртай.
-Фүкүшимагийн осол дэлхий нийтийг цочроосон. Үнэхээр л айдаст автуулсан үйл явдал байсан шүү дээ?
-Урьд өмнө нь долоон магнитутын хүчтэй газар хөдлөлтөд цөмийн реактор яаж тэсэхийг үнэндээ хэн ч мэдэхгүй байлаа. Харин Фүкүшимагийн осол нэг талаар туршилт болжээ. Мэдээж хэрэг физикээс хол хүмүүст айдастай үйл явдал болсон. Эрдэмтэд тэр дундаа цөмийн мэргэжилтнүүдэд зориг өгсөн гэдэг. Долоон магнитутад яах ч үгүй байгаа юм чинь бид хөргөлтийн системээ найдвартай хийчихвэл цөмийн реактор тийм ч амархан эвдрэхгүй эд гэдгээ батлав. Тиймээс цөмийн реактор нэмэгдэж байна.
-Ер нь манай иргэд уран, цөмийн эрчим хүчний тухай мэдлэг дутмаг байдаг. Тиймдээ ч уранаас үхэр мал хордлоо гэж шуугицгаасан шүү дээ. Ийм нөхцөлд төрийн зүгээс атомын цахилгаан станц барилаа гэхэд ард иргэд нь байнгын айдастай байх юм биш үү?
-Бид хий хоосон зүйлээс айгаад хөгжлийн ард хоцорвол харамсалтай. Анхны атомын цахилгаан станц 1954 оноос ажиллаж эхэлсэн бол өдгөө 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор, хөдөлгөөнт 400 гаруй, судалгааны 200, нийт 1000 гаруй реактор ажиллаж эрчим хүчээр хангадаг. Түүний нэг болох Фукушима анхдагч цөмийн реакторуудын нэг. Тэр үед Монгол улс ямар техник хэрэглэж байв. Чехийн Шкода машин 1960 онд Монголд иржээ. Бид ерөнхийдөө салга амбан, газ-51-тэй байсан үе. Үүнийг замын хөдөлгөөний дүрэм батална.
Тухайн үеийн замын хөдөлгөөний дүрмээр Дөрвөн замын уулзвар дээр дөрвөн талаас зэрэг ирвэл жолооч нар нь бууж ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хэн нь эхэлж явахаа шийднэ Монголд техник ийм дүрэмтэй байхад дэлхийд Атомын цахилгаан станц ажиллаж байж. Саяхан 1990 он гартал бид 3ил-130, УАЗ-469, Аавын цээж-тэй, 120 км газарт хонож очдог, 40 л түлш хэрэглэдэг байв. Өнөөдөр бид тийм газарт бараг ганцхан цаг явж, дөрвөн литр бензин хэрэглэх техникийн дэвшилд хүрлээ.
Арал дээр дайвалзаж байгаа хүмүүстэй өөрсдийгөө зүйрлээд суугаа нь дэндүү ичмээр. Атлант, Номхон далай хоорондох эх газрыг эрхшээж явсан Их Монголын үр сад мөн үү бид. Шинэ техник бүхэн цөмийн технологитой холбогдож байна. Цөмийн болон цацрагийн ямар нэг эрсдэлтэй зүйл тохиолдлоо гэхэд хамгийн түрүүнд цөмийн энергийн газар, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газрын хэдэн мэргэжилтнүүд торгуулийн сумангийн цэрэг шиг явна. Өөр хэн ч явахгүй. Хөгжихийн тулд биш амьдрахын тулд цөмийн энерги хэрэглэх цаг ирнэ.
-Яагаад?
-Хэн нэгэн очоод ураныг хэмжээд тогтоочихож болдог юм бол мэргэжлийн байгууллагаар яах юм бэ. Эрдэмтэд хамаг цаг заваа шинжлэх ухаанд зориулахын хэрэг байна уу. Ураныг дагаад 300 төрлийн минерал байдаг бөгөөд зардралын урвалаас хамаарч 40 төрөл болдог. Гамма, бетта, альфа гэж цацрагийг гурван янзаар ангилдаг. Үүнээс гадна уурхай ажиллаж эхлэхээс өмнө бараг 10 жил зарцуулдаг. Зарим нь түүнээс ч олон жил. Энэ олон жилд судалгаа л хийдэг. Хөрс, ургамал, агаар, ус гэх мэт. Хэдэн төрлийн амьтан байна, түүнээс шувуу хэд, нүүдлийн, гүйдлийн, нутагшсан, үржлийн, газрын хэвлийн, ой модны гэх мэт бүхнийг олон жилийн давтамжаар, өвөл, хавар, зун, намар, өнтэй, гантай жил гээд маш олон төрлийн судалгааг, олон аргачлалаар хийдэг.
Уурхай ажиллах явцад нөгөө судалгаа хэвийн байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд байнга хянаж шалгадаг. Ямар нэг зүйл өөрчлөгдсөн бол юу нь яаж өөрчлөгдөж вэ гэдгийг нарийвчлан тулгаад дүгнэлт гаргадаг. Үүнийг л шинжлэх ухаан гээд байгаа юм. Амьдрал бол шулуун зам биш. Аз жаргал алган дээр байдаг бол агуу их эрдэмтэд амьдралаа юу гэж шинжлэх ухаанд зориулах юм.
Одоо зөвхөн хөгжих тухайд цөмийн энерги ярьж байна. Удахгүй амьдрахын тулд цөмийн энерги хэрэглэнэ.