Үнэ ханшаар бус чанараар өрсөлдөх хэрэгтэй байна
-Манай улсын газрын тосны олборлолт, экспорт ямар байдалтай байна вэ?
-2013 онд төлөвлөсний дагуу нийт 4 сая 550 мянган тонн баррель буюу 600 мянга орчим тонн газрын тос олборлож түүнийгээ экспортонд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад газрын тосны хайгуулын 30 талбай байдаг. Үүний 21 талбай дээр бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу олборлолт, хайгуул, судалгааны үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байна. Монгол Улсын хэмжээнд хоногт дунджаар 18 мянган баррель буюу 2400 тонн газрын тосыг олборлож, түүнийгээ экспортолж байгаа. Тиймээс олборлолтын гүйцэтгэл 54 хувьтай, импорт 52 хувьтай байна. Энэ байдлаас үзэхэд газрын тосны үйлдвэрлэлт, олборлолт, экспортоны эцэст давж биелэх сайхан мэдээтэй байгаа. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө шатахууны их хомсдолтой, үнэ нэмэгддэг байдал байнга байсан.
Үүнийг цэгцлэх үүднээс улсын нөөцийн шатахууныг бүрдүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэгч компанитай дэлхийн зах зээл дээрх үнийн томьёолол суурилсан гэрээг байгуулсан. Тийм учраас бид нар газрын тосны бүтээгдэхүүн, импортыг бүрэн хянаж ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газар болон гамшгийн үед хэрэглэх шатахуунаас гадна улсын нөөцөд 12 мянга 770 тонн байгаа. Энэ оны долдугаар сарын 23-ний өдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний 100 мянган тонн бүтээгдэхүүний нөөцтэй байна. Энэ нь ердийн хэрэглээний 42 хоногийн нөөц буюу А80 бензин 41 хоног, А92 58 хоног дизель түлш 32 хоног, онгоцны түлш 38 хоногийн нөөцтэй байна. Манай газрын тосны байгууллага үнийн хөөрөгдөл, хомсдол гарах нөхцөлөөс бүрэн сэргийлж чадсан.
-Газрын тосны тээвэрлэлт, борлуулалтын талаар шийдвэр гарсан. Энэ талаар?
-Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн сүүлийн хурлаар газрын тосны бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой чухал шийдвэр гарсан. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүнийг баруун, зүүн хилийн боомтуудаар нэвтрүүлэх тогтоол гарсан. Өмнө нь Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсагт XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаар дамжуулж цаг хугацаа их алддаг байсан нөхцөл байдлыг шийдвэрлэсэн. Ингэхдээ Баянхошуу боомтыг байнгын ажилд оруулах шийдвэрийг гаргасан байгаа юм. Ингэснээр олон шат дамжлагыг цөөлж, Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлож байгаа түүхий тосыг тээвэрлэлтийн эрэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Мөн энэ хооронд хийх 210 км замыг хатуу хучилттай зам хийхээр тогтлоо. Үүний дагуу зам барих ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орж байна. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэх, тоосжил буурах, бэлчээрийг талхлахаас сэргийлэх юм. Нөгөө талаас Монгол 93 бүтээгдэхүүнийг зүүн хилээр авснаар зүүн гурван аймгийн түлшний хэрэгцээг хангаж, үнийг бууруулах юм.
-Нүүрсний экспорт хэр амжилттай явж байна вэ?
-Манай орны нүүрсний геологийн таамаг нөөц 170 гаруй тэрбум тонноор үнэлэгддэг. Тогтоогдсон нөөц нь 21 тэрбум тонн байсан бол 2010 оны нөөцийн тайлангаар дахин 2.6 тонн нэмэгдсэн. Энэ хэмжээгээрээ манайх дэлхийд 10-т орох үзүүлэлтийг үзүүлж байна. Нүүрсний салбарт Монгол Улс нийтдээ 30 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонн экспортлохоос 7.4 сая тонныг экспортлоод байгаа. Тиймээс оны эцсээр шахаж ажиллах болон энэ чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч байгаа. Тухайлбал сая Монгол, Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа-2013 уулзалтыг Хөх хотод хийсэн. Уулзалтад оролцогчид хоёр улсын Засгийн газарт хандаж уриалга гаргасан. Монгол Улсын нүүрсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Газарзүйн байршлаар ойр гэдэг утгаар дан ганц Хятад улстай нүүрсний чиглэлээр хамтран ажиллах боломж хязгаарлагдмал байна. Учир нь олон шинэ өрсөлдөгч нар Хятадын зах зээл орж ажиллаж эхэллээ. Хятад улс 3.6 сая тонн нүүрс хэрэглэдэг. Үүнийхээ арав орчим хувийг гаднаас импортоор авдаг. Гэтэл эдгээр нийлүүлэгч орны тоо нэмэгдэхээр өрсөлдөөн бий болно. Тэгэхээр манай улсын Засгийн газар онцгой анхаарч, өрсөлдөх олон арга хэмжээг авч байгаа. Мөн галт тэрэг болон усан тээвэр хөгжөөгүйгээс автозамын тээвэр асар өндөр өртөгтэй тусдаг. Иймд 2015 он гэхэд төмөр замтай болохын дээр нүүрсний үнэ ханшаар бус чанараар өрсөлдөх хэрэгтэй байна.
-Эрдэнэс таван толгой компанийн нүүрсний олборлолт, экспорт буурсан гэх мэдээлэл байна?
-Ганц Эрдэнэс таван толгой компани дээр энэ асуудал тулгарч байгаа биш. Зарим компаниуд олборлолтоо зогсоосон зарим нь хагас шиптээр олборлож байгаа. Манай экспорт зогсоход гурван асуудал нөлөөлж байна. Эдгээр нь үнэ, чанар, тогтвортой ханган нийлүүлэлт юм. Манай нүүрс чанартай, тогтвортой ханган нийлүүлэх боломжтой. Үнийн хувьд ч боломжийн. Түрүүн хэлсэн, шинэ борлуулагч нар орж ирснээс Хятадын зах зээлд Колумб, Мозамбек, ОХУ зэрэг улсууд нүүрс нийлүүлж эхэллээ. Тэгэхлээр бидний өрсөлдөх чадвар сайн байх ёстой. Гэхдээ Энержи ресурс компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Хоногт дунджаар 20 мянган тонн баяжуулсан нүүрсийг нэг тонныг нь 90-100 доллараар нийлүүлж байгаа. Эрчим хүчний баяжуулсан нүүрсийг худалдаалж чадаагүй байна. МАК компанийн хувьд уурхайн үйл ажиллагаа бага зэрэг явж байгаа. Дунджаар хоногт 9-10 тонн нүүрс олборлож байгаа ба хөрс хуулалтын ажил ирэх сарын нэгнээс эхлэх гэж байна.
-ОХУ газрын тосны бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлж байна. Энэ манай улсад зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Оросын компанитай дэлхийн зах зээл дээрх үнийн томьёолол дээр суурилан гэрээ байгуулсан учраас энэ сарын эцэс гэхэд газрын тосны үнэ 35-36 долларын үнэ нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа. Энэ өсөлтийг татвараар шийдэх учраас манай улсад үнэ өсөхгүй.
-Оюу толгойн баяжмалыг ямар үнээр экспортлох гэж байгаа нь хаагдмал байна?
-Энэ мэдээлэл үнэхээр хаагдмал байгаа. Тийм учраас бид нар тус компанид шахалт үзүүлээд борлуулалтын гэрээ, мөнгөн гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй явуул гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Үүний үндсэн дээр зөвшөөрсөн. Оюу толгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс ямар үнээр хаана, хэдэн тонныг зарж байгааг тодруулах хэрэгтэй байх.
-Нарийн сухайтын ордын нүүрс сайн чанарын нүүрсэнд ордог. Гэтэл 300 тонныг нь 300 юаниар гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнийг ихэсгэх боломж байгаа юу. Мөн ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?
-Нарийн сухайт нь стратегийн ордод багтсан. Тус ордын тодорхой хэсгийг эзэмшиж байгаа компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Гэхдээ энэ нь бүдэг орд гэдэг утгаар нь манайхаас ажлын хэсэг гараад төрийн эзэмшлийн үнэлэмж, хувь хэмжээг тогтоох чиглэлээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор тогтвортой байдлын гэрээний дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Үнийн хувьд бол үнэнд тулгуурлан Хятадын зэх зээлд нэвтрэх нь хүнд болж байна. Тийм учраас нүүрсийг дахин боловсруулж, өндөр чанартай бүтээгдэхүүнийг гурав дахь зах зээлд нийлүүлэх шаардлага гарч ирсэн.
Г.Баярцэцэг