Үхрийн цул мах 0.7 хувиар буюу 72 төгрөгөөр буурчээ
бүтээгдэхүүний үнийн 2013 оны 7-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурсан, 1 нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2013 оны 7-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7986 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8914 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 72 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 72 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах Хүчит Шонхор, Барс хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, Меркури хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 100 төгрөгөөр буурч, харин хонины цул мах тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах Хүчит Шонхор хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөгөөр, харин Меркури хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2013 оны 7-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг Хүчит шонхор, Таван эрдэнэ, Бөмбөгөр, Баянзүрх, Хархорин хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн Алтан тариа гурилын үнэ 930-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин Барс хүнсний захад нэг кг дээд зэргийн Алтан тариа гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Атар талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-850 төгрөгийн үнэтэй байна. Бөмбөгөр хүнсний захад Атар талхыг хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин Хүчит Шонхор, Таван-Эрдэнэ, Марко, Макс хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 850 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2013 оны 7-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 2.8 хувиар буюу 50 төгрөг, манжин 1.2 хувиар буюу 25 төгрөг, хятад сонгино 0.7 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Монгол гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
Л.Тамир
Оллоо.мн