Түүхэн үнэ цэнэтэй аяллын тэмдэглэлүүд
Албан ёсны түүх бичлэг буюу түүхч бичээчдийн гараас нэлээд албаны утга агуулга бүхий тогтсон загварт баригдсан, он дараалсан үйл явдлын хураангуй шинжтэй түүх бичигдэг бол аялал жуулчлалын тэмдэглэлээс түүнээс өөр, илүү бодитой, амьдлаг, үнэмшилтэй, үнэн дүр зураг сэтгэлийн толинд тодрон буудгаараа ялгардаг. Тийм ч учраас аян замын тэмдэглэл тухайн цаг үеийн амьдралын жинхэнэ үнэн дүр төрхийг буулган үлдээсэн асар их үнэ цэнтэй гарын авлага болдог юм. Төв Ази, Монгол орон эрт дээр үеэс янагш гадаад, дотоодын аялагч жуулчдын зүрх сэтгэлийг соронздон татсаар, улс төр, гадаад харилцаа, байгалийн шинжлэл, газар зүй, угсаатны судлалын шугамаар судлаач, сонирхогчдыг татан дуудсаар иржээ. Үүнд хоёр учир шалтгаан буй. Нэг нь хүн төрөлхтний хувь заяанд гол чухал үүрэг гүйцэтгэж ирсэн монгол угсаатан тэргүүт нүүдэлчин ард түмнүүдийн туулж ирсэн баатарлаг түүх намтар, удаахь нь саяхныг хүртэл хаалттай, алс бөглүүд байсан Төв Азийн онгон дагшин байгаль болой.
Дэлхийн эзэнт гүрэн байгуулсан 13 дугаар зууны үед өрнө дорнын олон улс орноос Монголын эзэнт гүрний өргөн уудам газар нутагт хэдэн арав, хэдэн зуун элч төлөөлөгчид жингийн цуваа мэт өмнө хойноо орон цувран ирсээр, дэлхий дахиныг нэгэн дээвэр дор хураан нэгтгэсэн Их Монгол Улсын хаан хот, их хаадын орд өргөөнд морилон саатаж, дээд тэнгэрээс заяат тэнгэрлэг энэ үндэстэнтэй ойртон танилцаад, эргээд эх орон, ард иргэддээ танилцуулахаар оддог байсан билээ. Ийм жишээ өчнөөн бий. Бидний сайн мэдэх италийн алдарт жуулчин Марко Поло тэргүүт аав, хүү, авга ах нар, Плано Карпини, францын Вильгельм Рубрукаас эхлээд Жиованни ди Монте Корвино, Одорик Порденон, персийн Ибн Батута, нангиадын Чанчунь бомбо, Пэн Даяа, Сюй Тин, зүрчидийн Чу мэргэн хэмээн алдаршиж Чингис, Өгөдэй хаанд хүчин зүтгэж явсан Елүй Чуцай,… гээд тоочин жагсаах гэвэл ихээ урт жагсаалт болох нь дамжиггүй.
Энэ бол Pax Mongolica буюу Монгол маягийн энх тайван, Монголын зуун хэмээгдсэн тэртээх 13 дугаар зуунд хамаарна. Тэгвэл хожим саяхны цаг үед ч Монгол орныг сонирхсон гадаадынхны аялал жуулчлал тасраагүй юм. 19 дүгээр зууны үед Оросын түүхийн эцэг Якинф Бичурин, хар лам Палладий Кафаров, Алдарт жуулчин Пржевальский, 20 дугаар зууны эхэн үеийн Козлов, Козин, аав хүү Рерих, Грум-Гржимайло, Майский, Потанин, Коростовец… гээд энэ жагсаалт ихээ урт үргэлжилнэ. Тэгвэл өнөөдөр энэ жагсаалтад бичигдэх өөр хоёр хүний нэр, тэдний аян замын тэмдэглэл өнөөдөр монголчууд бидний хүртээл болж, та бидний номын санд хүндтэй байр эзлэх боломжтой болжээ. Энэ бол Данийн аялагч Хэннинг Хаслунд-Кристенсен, Германы адал аялагч Эдгар фон Хартман нар болой.
Манайхны зарим нь өрнөдийн ийм аялагч жуулчид байсныг мэддэг байсан нь гарцаагүй. Бас тэдний аян замын тэмдэглэлүүдийг гадаад хэлээр нь олж үзэж байсантай ч маргахгүй ээ. Гэхдээ л энэ хоёр ном нийт монголчуудын хүртээл болж, монгол хэлээр орчуулагдан гаралгүй асаар нэгэн зууныг элээсэн анам. Энэ хоёр тэмдэглэл хоёулаа яг 80 жилийн өмнө бичигдэн хэвлэгдэж, өрнөдийнхний хүртээл болжээ. Өрнийн соёлт уншигчид нэгэн зууны тэртээд Монгол орны тухай, монголчуудын тухай ийм ном уншиж, танилцаж байсан гэхэд соньхон.
Нэг зүйлийг энд онцлон хэлэхэд өрнөдийн зарим аялагчдын тэмдэглэлд Монгол орон, монголчуудыг мөхөж, сөнөж байгаагаар дүгнэн, харанхуй бүдүүлгийг нь хачирхан гайхаж, түүхийн хог дээр орхигдож гээгдсэнийг нь дуу алдан бичиж үлдээсэн байдаг. Тэгвэл энэ хоёр номонд аль алинд нь тийм зүйл байхгүй, харин ч сайн муу, сайхан муухай, хоцрогдсон хөгжсөн аль алиныг нь адил тэнцүүхэн олж харж, бичиж тэмдэглэсэн нь харагдана. Эхний ном болох Данийн аялагч, угсаатны зүйч Хаслунд Кристенсений Явна аа! номд өнгөрсөн зууны 20-иод оны дундуур өнөөгийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган тал хэмээх газарт даничууд фермерийн аж ахуй байгуулж, дани иргэд ирж суурьших орчин нөхцөл бүрдүүлэх зорилго өвөрлөн хичээнгүйлэн зүтгэж байсан тухай маш сонирхолтой, адал өгүүлэмжтэйгээр хүүрнэн өгүүлж байна. Тэрээр бусад таван нөхрийн хамт 1923-1926 оны хооронд Хөвсгөл аймгийн нутагт фермийн аж ахуй байгуулан ажиллаж, амьдарч байжээ.
Зохиогч номоо Явна аа! хэмээх монгол үгээр нэрлэсэн нь учиртай. Энэ үг бол зуун зууны туршид Монгол хийгээд Төв Ази, Дорно дахинаа жингийн цуваатай хамт цуурайтаж ирсэн хамгийн нийтлэг монгол үг ажээ. Тийм учраас зохиогч номоо хэнд ч танил энэ монгол үгээр нэрлэхээр шийджээ. Тэгээд ч номд өмнөх үг бичсэн Шведийн алдарт аялагч Свен Хедин Явна аа! – энэ бол жингийн цувааны хөтчийн дуудлага дохио. Бүх тэмээгээ тэгнэн ачиж, морьдоо эмээллэж, монголчууд жижиг туяхан хүлэг мориндоо мордож, жингийн хонхнууд нь Азийн говь цөл хийгээд зах хязгааргүй тал хөндийг хөндлөн гулд ороох аян замын мянга мянган жилийн түүхтэй аялгууг дахин эгшиглүүлж эхлэхэд энэ дуудлага дохио тэнгэрт хаддаг. Явна аа! хэмээх энэ үг Азиар аялагч анхдагчдын хувьд хүчит соронзон мэт татах увдистай туйлын сонсголонт үг мөн хэмээн дуун алдаж бичсэн байнам.
Бас цааш нь Нар ээсэн уудам тал хөндийд, өвлийн тэсгим хүйтэн шөнийн цагаар ч бай, исгэрэн шуугих цасан шуурга, чонын улиан хөг нэмж, малын бэлчээрт ус ундаа хайж явахад ч, замын дээрэмчидтэй учирч байхад ч Явна аа! гэх энэ үг оньсого мэт шинэ адал явдал, гайхалтай үйл хэргээр дүүрэн, оргилуун сэтгэл, хүсэл тэмүүлэл, итгэл найдварын цул ертөнцийг илэрхийлнэ хэмээн бахдалтайгаар онцлон бичжээ. Ийнхүү тэртээх алс холын Европоос гарч, урт аяныг туулан манан будан дунд сүүмэлзэгч дундад зууны үлгэр домгийн орон мэт Хятадад ирж амсхийгээд цааш тэмээн жингийн замаар аялан, аяллын гол зорилго хүрэх цэг – нэгэн цагт дэлхийн дайдыг эзэгнэн эрхшээж явсан монголчуудын өлгий Монгол оронд хүрэлцэн ирж хэдэн жилийн ямархан адал явдал, аж төрөл, айдас аймшиг хийгээд баяр баясгалан, шинэ шинэ нээлт ололт хийгээд амьдралын төлөө өрсөлдөөн тэмцэл дунд өнгөрүүлж буй тухай та энэ номоос амтархан бас сонирхон унших болно. Багийнхны зорилго нь онгон дагшин, хэнээс ч хараат бус, эрх чөлөөт Монгол оронд суурьшиж, Октябрийн хувьсгалын нөлөөгөөр хамаг эд хөрөнгө, газар эзэмшлээ хураалгасан Сибирь дэх нутаг нэгтнүүдээ шилжин суурьших үүд хаалгыг нээх явдал байсан гэх. Данийн бяцхан суурин, фермерийн аж ахуйн ул мөр, үлдэгдэл өнөө ч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумдын нутагт байдаг ажээ.
Энэ ном 1932 онд ийнхүү хэвлэгдэн гарсан даруйдаа Данид төдийгүй Европын олон оронд дуулиан тарьж, адал явдалт аялал сонирхогчдын, тийм зохиол бүтээл уншиж зөгнөн мөрөөдөгч хүүхэд залуучуудын унших дуртай аялал жуулчлалын сонгодог бүтээл болж, олон хэлнээ орчуулагджээ. Аялал эхэлснээс яг 90 жил, аяллын тэмдэглэл хэвлэгдэн гарснаас хойш 80 жилийн дараа эл гайхамшигт бүтээл ийнхүү монгол уншигчдын гарт хүрч байна. Ном тухайн үедээ бестселлер болж байсан нь Свен Хединий бичсэн Ном үнэхээр тэсрэлт болж чадлаа. Хаслунд Азийн амьралыг гайхалтай дүрслэн бичигч гэдгээ харуулж, мал амьтан, хүмүүсийн дунд төдийгүй бурхад бодьсатвагийн хоорондуур ч итгэл төгс учир начраа олж чаддагаа үзүүлэв гэж бахдан үнэлснээс харагдана.
Удаахь аян замын тэмдэглэл бол Германы адал аялагч Эдгар фон Хартманы Монголоор дамжих мянга мянган жилийн түүхт жингийн их замаар хэмээх ном юм. Энэ номоос бид 1920-иод оны үеийн Монгол орон, ялангуяа баруун Монголын нутаг орон, ард түмний аж амьдрал, жинчдийн ажил үйл, тухайлан өртөө замын дэн буудал, тэдгээрийн дүр төрхийн тухай тодорхой ойлголт авах болно. Энэ ном бол жинхэнэ адал явдалт аяллын тэмдэглэл учраас алхам бүртээ амь дүйсэн амаргүй бэрх аяллын талаар сонирхолтой үйл явдлуудыг та хуудас бүрээс нь олж унших нь дамжиггүй. Түүнчлэн баруун Монголын томоохон хот суурин газрууд байсан Ховд, Улиастай хотын тур цагийн дүр дөрх, оршин суугчдын амьдрал ахуй, шашин суртлын дэг жаяг, монгол хүний зан чанар, ааш араншингийн тухай олж мэдэж, өнөө цагийн өөрсөдтэйгөө харьцуулан жишиж үзэх боломжтой юм. Энэ утгаараа аян замын тэмдэглэл гэдэг юугаар ч орлуулшгүй түүхэн чухал ач холбогдолтой байдаг болой. Монгол оронд хөвөн тариалж байсан тухай, хаа сайгүй элбэг байсан хөвчийн майга бортой монгол хүн хэчнээн эрэлхэг зоригтой, арга эвтэй гардан тулалдаж дийлдэг байсан тухай, Сибирийн бар Монголд байсан тухай, хаа холын зах хязгаарын Ховд хотод чинээлэг айл өрх хэрхэн цаг үеэсээ хоцролгүй, юугаар ч үл дутагдан, их хотынхны идэж ууж, эдэлж хэрэглэдгийг хэрэглэн аж төрж байгаа тухай Та энэ номоос олж унших болно.
Аян замын тэмдэглэл гэдэг он улирах тусам улам үнэд орж, ирээдүй хойч үеийнхэнд үнэн бодитой ойлголт мэдлэг, дүр зургийг өртөөлөн хүргэдгээрээ чухал ач холбогдолтой. Ялангуяа энэ хоёр номын өөр нэг ач холбогдол бол зохиогчдын өөрийн гараар авч хадгалан, номдоо оруулсан хэдэн арван гэрэл зураг болно. Хаслунд Кристенсений Явна аа! номд ийм 80 шахам үнэт ховор гэрэл зураг орсон бол Эдгар фон Хартманы номд 50 гаруй зураг хавсаргагдсан нь хоёр тэмдэглэлийг улам бодитой үнэмшилтэй, улам үнэ цэнтэй болгож байна. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг билээ.
Ийнхүү нэгэн зууны тэртээх өвөг дээдсийн амьдрал өчигдөрхөн мэт нүднээ дурайн тодорном. Эцэст нь хэлэхэд ийм аян замын тэмдэглэл цааш үргэлжлэн хөрвүүлэгдэж хэвлэгдэж, монгол уншигчдын мэдлэг оюунд бодит хувь нэмэр болох нь дамжиггүй буй заа. Хоёр номын орчуулагч Б.Баярсайхан эрхэм болбоос Монголын дипломат албанд насаараа зүтгэсэн нэгэн агаад герман хэлнээс орчуулга хийдэг манай цөөхөн орчуулагч дуун хөрвүүлэгчдийн нэг мөн. Урьд монголчууд дан ганц орос хэлнээс орчуулдаг байсан бол өнөөдөр англи, франц, герман, япон, солонгос, хятад гээд олон хэлнээс хүн төрөлхтний оюуны сор дээжис болсон бүтээлүүдийг сонгон орчуулж ард түмэндээ хүргэдэг буянтай үйлийг эрхлэх болжээ гэдгийг Б.Баярсайханаар жишээлэн бахархан тэмдэглэхийн ялдар эрхэм дуун хөрвүүлэгчид уран бүтээлийн улам их амжилт хүсэн ерөөсү.
МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Я.Ганбаатар