Түлэнхийн төв-ийн барилгын ажил эхлээгүй байна
Түүнийг одоо хүртэл буулгаагүй байгаа. Энэ ажил хэзээ эхэлж хэзээ дуусах талаар Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүйгээс дараах тодруулга авлаа.
-Түлэнхийн төвийн барилгыг одоо хүртэл буулгаагүй байна. 2013 оны төсөвт суугдаагүй гэж хэвлэл мэдээллээр цацагдах боллоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Түлэгдлийн клиник нь 1991 оноос түлэгдэл ба ясны идээт гэмтлийг эмчлэх 150 ортой. 100 гаруй эмч ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Эмнэлгийн барилгын ашиглалтын төлөвт мэргэжлийн байгууллагаас хийсэн удаа дараагийн хяналт шалгалтаар цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарсан юм.
Түүний дараа уг төвөөс уг барилгын асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад хүсэлт гарган эмнэлгийн барилгыг актлах тогтоол гарсан. Барилгын ажилд 2013 оны төсвөөс найман тэрбум төгрөг төлөвлөсөн байгаа. Одоохондоо хуучин барилгыг буулгаагүй байгаа. Барилгыг буулгахад зарцуулагдах төсөв гарсан.
-Барилгын зураг төслийн ажлыг 2011 онд эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар тендер зарлах үүрэг өгч байсан. Ямар компани шалгарсан бэ. Зураг төслөө хүлээлгэж өгсөн үү?
-2011 оны долдугаар сард зарласан зураг төслийн тендерт ЭЗТ ХХК шалгарч гэрээ байгуулан Түлэнхийн төвийн шинээр баригдах барилгын зураг багтааж зураг төслөө гаргаж өгнө гэсэн боловч дулааны нэмэлт тодруулга гарахгүй байснаас гэрээнд заасан хугацаанд амжаагүй. Өнгөрсөн гуравдугаар сард энэ асуудал шийдэгдсэн. Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд хандаж зураг төслийг магадлалд хамруулж, баталгаажуулах ажлыг яаралтай шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу зураг төсөлд магадлал хийж дууссан. Энэ долоо хоногт зураг төслөө хүлээж авна.
-Угсралтын ажил хэр удаан үргэлжлэх бол. Гүйцэтгэгчийг хэзээ шалгаруулах вэ?
-Энэ оны наймдугаар сард барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Гэрээг 2014 ондоо багтааж хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Түлэнхийн төвийн эмнэлгийн үйл ажиллагаа хаана явагдаж байна?
-Үйл ажиллагаа нь одоогоор Мөнгөн гүүр хувийн эмнэлгийн байранд явагдаж байгаа. Харин түрээсийг нь улсын төсвөөс гаргадаг юм.
-Шинээр баригдах Түлэнхийн төв ямар байхаар төлөвлөгдсөн бэ?
-Түлэнхийн төв -ийн суурин дээр 200 ортой түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчлэх олон улсын стандартад нийцсэн долоон давхар эмнэлэг баригдахаар төлөвлөгдсөн. Төрөх эмнэлгүүдийн барилгын явц удаашралтай байна
-III, IҮ төрөх эмнэлгийн барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Барилгын ажил 65-70 хувтай явагдаж байгаа. Хэдийгээр удаашралтай ч гэсэн ажил хийгдэж байна.
-Удаашралтай байгаа шалтгаан нь юу вэ. Санхүүжилтийн хэдэн хувийг олгосон юм бол?
-80 хувийн санхүүжилт орсон. Удааширч байгаа шалтгаан нь санхүүжилттэй холбоотой.
-Ямар компаниуд гүйцэтгэлийг хийж байна. Хэзээ ашиглалтад орох вэ?
-IҮ төрөхийн барилгын ажлыг Нийслэл өргөө ХХК, III төрөхийн барилгын ажлыг Цамхаг констракшн гүйцэтгэж байгаа. Гэрээнд бол энэ оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгнө гэж тусгасан байгаа.