Хүүхдийн хавдрын эмнэлэг есдүгээр сард баригдаж дуусна
төвийн өргөтгөл болох Хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын шинэ эмнэлэг бариулж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу хуучнаар ЭНЭШТ-д цусны хорт хавдартай, эмчийн хаяналтад 700 гаруй хүүхэд эмчүүлж байгаа аж. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу өнөөдөр энэ тоо яг хэд хүрснийг хэлэх боломжгүй болоод байгаа гэсэн юм.
Харин хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгын бүтээн байгуулалт, буяны үйл ажиллагааг өнгөрөгч оны тавдугаар сарын 9-нд эмнэлгийн шав тавьснаар эхлүүлжээ. Тус эмнэлэг ашиглалтад орсноор манай улс хүүхдийн хавдрыг оношилж, эмчлэх бүрэн боломжтой болох нь.
Одоогийн байдлаар нийт дөрвөн тэрбум нэг сая төгрөгийн өртөгтэй, 50 ортой, зургаан давхар баригдах барилгын цутгалт хийгдэж дууссан гэнэ. Барилгын ажлыг Тэргүүн чансаа ХК гүйцэтгэж байгаа бөгөөд эхний хэсгийг ирэх есдүгээр сарын 21-нд хүлээлгэж өгөх юм байна.
Түүнээс хойш барилгын дотор заслын ажил нь эхэлж оны эцэс гэхэд бүрэн дуусч, барилга ашиглалтад орно гэсэн юм. Эмнэлэг дотроо нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хавдартай хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн байрлах өрөө багтах гэнэ.
Тус төв эхний ээлжинд 150 хүүхдийг хүлээн авч эмчлэх бол 2-3 жилийн дараа гэхэд хавдраар өвчилсөн бүх хүүхдийг хүлээн авч, оношилж, эмчлэх боломж бүрдэнэ гэлээ. ЭХЭМҮТ-д жилдээ давхардсан тоогоор хавдартай 1000 орчим хүүхэд, ХСҮТ-д давхардсан тоогоор 500 орчим хүүхэд оношлогддог байна.
Үүнээс жилд зүрхний төрөлхийн өвчтэй 200-300 хүүхэд гадагшаа мэс засалд орохоор явдаг гэнэ. Монголд хүүхдүүдийн дунд тохиолддог зургаан төрлийн хавдар байдгаас 32-35 хувь нь цусны өвчтэй хүүхэд байдаг аж.
Уг нь хүүхдэд тохиолдож буй хавдрын өвчлөлийг ЭХЭМҮТ буюу хүүхдийн бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар эмчлэх ёстой ч манай улсад дээрх шалтгаанаас үүдэж ийм боломж байгаагүй гэнэ. Иймээс өнөөг хүртэл цуснаас бусад төрлийн хавдрын өвчтэй хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төв хүлээн авч эмчилж байна.
Дашрамд дурдахад , Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих сайн санааны үйлст АНУ, Япон, Англи, Тайвань зэрэг орнуудад ажиллаж амьдарч буй монголчууд, гадаадын олон хүмүүс мөнгө санхүү, багаж тоног төхөөрөмжийн хандив өргөж байгаа аж. Тиймээс хүүхдүүддээ хайртай хүн бүхэн энэ буяны үйлст нэгдэж хандив өргөх боломжтой гэдгийг тус байгууллагын зүгээс мэдээллээ.
С.Саранзаяа
Оллоо.мн