Баян-Өлгий аймагт хийгдэж буй шүлхий өвчний давтан вакцинжуулалт өнөөдрөөр дуусна
![](/wp-content/uploads/upload/oldolloo/mal.jpg)
шүлхий өвчин голомтлон гарч байгаа бөгөөд голомтонд 567 малчин өрхийн 28,506 хүн, 114,182 толгой мал байна. ҮХАА-н яамны мэргэжилтэн холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд байдал бүрийг мэдээлж байна.
Баян-Өлгий аймагт 2013 оны 07 дугаар сарын 28-ны байдлаар 1243 толгой мал шүлхийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Үүнээс үхэр 653, хонь 411, ямаа 179 бүгд 1243 малыг зориудаар устгалд хамруулсан. Мөн Сагсай суманд 21, Улаанхус суманд нэг мал хорогдсон байна.
Тус аймгийн Бугат, Толбо, Сагсай, Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын чиглэлийн автозамд байнгын ажиллагаатай 10 хяналтын цэг байгуулсан бол өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд 11 байгууллагын 420 хүн, 65 тээврийн хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 377 тоот захирамжын дагуу эхний ээлжийн вакцинжуулалтанд 2,066,363 толгой малыг хамруулсан бөгөөд гүйцэтгэл нь 103,3 хувьтай байна. Энэ сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын 392 тоот захирамж гаргуулан давтан вакцинжуулалтыг энэ дугаар сарын 23-30-ны дотор зохион байгуулахаар шийдвэр гаргуулсан. Энэ сарын 28-ны байдлаар давтан вакцинжуулалтанд малын 30.0 хувь буюу 660 мянган малыг хамруулжээ.
Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Баян-Өлгий аймгийн вакцинжуулалтын хоёрдугаар ээлж, Ховд, Увс аймгийн нэг хоёрдугаар ээлжинд шаардлагатай зүү, тариур, ариутгалын спирт, халдвар хамгааллын хувцас, халдваргүйжүүлэлтийн бодис, мананцаржуулагч багажыг хүлээн авч, аймгууд руу ачуулсан.
Ховд аймгийн Засаг даргын малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авах тухай 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 тоот захирамжаар Баян-Өлгий аймагтай хиллэж байгаа 5 сумын нутагт малын шилжилт хөдөлгөөн, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.
Мөн Увс аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий аймагтай хиллэж байгаа тус аймгийн Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь зэрэг сумдад ажилласан. Ажлын хэсэг нь мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тус бүс нутагт мал амьтан хүн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд хяналт тавих цэгүүдэд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.
Г.Уянга
оллоо.мн