Банкуудын эрлэг Олон овоот-ыг Төрийн банк хэрхэх бол
тутамдаа ярьдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай улсын санхүүгийн салбар ганц морьтой явсаар байгаа нь эдийн засаг бэхжихгүй, аж ахуйн нэгжүүд нь ч томорч чаддаггүйн гол шалтгаан юм. Харин 2009-2011 оны хооронд Монголын уул уурхайн салбар дэлхийн зах зээлд моодонд орж манай улсын хэд хэдэн аж ахуйн нэгж олон улсын хөрөнгийн зах зээлээс багагүй хөрөнгө босгосоноор өнөөдөр тэргүүний татвар төлөгчид болоод байгаа.
Уг нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадсан нөхцөлд аж ахуйн нэгжүүд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, компаниа томруулж, улмаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэн гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой байдаг. Тиймээс томоохон бизнес эрхлэхийн тулд банкнаас л царай алдах хэрэг гарна. Том ч гэж дээ. Ер нь манай арилжааны аль ч банк актив хөрөнгийнхөө 20 хувиас хэтрүүлэхгүй зээл олгодог. Тэгэхээр 200-300 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн үг.
Ийм хэмжээний мөнгийг уул уурхайн бизнес эрхлэх гэж буй хүн л орд газраа барьцаалж авах боломжтой. Тиймээс Анод, Зоос банкууд уул уурхайд хууртагдан чанаргүй зээл их хэмжээгээр гаргаснаас болж, дампуурсан үе саяхан. Энэ түүхийг өнөөдөр Хадгаламж банк давтах шиг боллоо. Хамгийн сонирхолтой нь дээрх банкууд бүгд Олон овоот хэмээх орд газарт мад тавиулчихаад сууж байна.
Тодруулбал энэ хэрэг Монгол газар-ын Ц.Мянганбаяраас үүдэлтэй. Ц.Мянганбаяр Олон овоот-ын ордыг 25 тоннын алтны нөөцтэй хэмээн барьцаалж мөнгө авах боломжтой газруудаас зээлсээр байгаад хамгийн сүүлд Америкийн Голдман сакс ХХК-ийн гарт атгуулаад орхисон.
Энэ үед Монгол газар-аас их хэмжээний авлагатай Зоос банкнаас Жаст групп-т хандан Олон овоот-ын алтны төсөл санхүүгийн хүндрэлд орсныг дуулгаад, уг төсөлд холбогдох зээлүүдийг төлж барагдуулахад хамтран ажиллах санал тавьсан байдаг. Уг төслөөс их хэмжээний авлагатай байсан Жаст групп Ц.Мянганбаярт хандаж байдлыг тодруулахад, төсөл хэвийн үргэлжилж, өр төлбөрөө барагдуулах боломжгүй болсон тухайгаа хэлжээ.
Ц.Мянганбаяр ч төслийг санхүүгийн хүндрэлээс гаргахад хамтран ажиллах саналыг Жаст групп-т тавьсан байна. Ингээд 2009 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Олон овоот гоулд ХХК-ийн эзэмшлийг 5050 хувь болгосон аж. Үүний дагуу Олон овоот гоулд ХХК нь Ц.Мянганбаяртай хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулж, Жаст групп Ц.Мянганбаярын 186 тэрбум төгрөгийн өрийг хариуцаж төлөх үүрэг хүлээв. Мөн өдөр Ц.Мянганбаярын Монгол газар ХХК-ийн Олон овоот-ын алтны ордуудын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Олон овоот гоулд ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ.
Ингээд 2011 он гэхэд Жаст группийнхэн 103 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан тухай мэдээлэл байдаг. Тухайн үед Эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдсан 18.5 тонн алтнаас хөрсөн доор байгаа нь 8.4 тонн алт бий. Гэхдээ алтандаа хүрч амжаагүй тул хөрс хуулах, олборлосон хүдрээ боловсруулах ёстой байсан. Үүнд дор хаяж 35 сая ам.доллар хэрэгтэй гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид мэдээлж байсан юм.
Харамсалтай нь ийм хэмжээний мөнгийг Монголын ямар ч банк олгохгүй. Учир нь олон банкинд өртэй гэсэн тодоос тод, том шошготой, багагүй улстөржиж, хэл ам дагуулсан, дээр нь нөөцийн үлдэгдэл баттай эсэх нь эргэлзээтэй зэрэг дэндүү эрсдэлтэй Олон овоот-ыг гадныхан л аварч магадгүй хэмээн Жаст группийн эзэн Ш.Батхүү шийдсэн байна. Тиймдээ ч Өмнөд Африкийн Стандарт банкнаас байгаа бүхнээ барьцаалж хэд хэдэн удаа зээл авсан нь өнөөдөр Хадгаламж банкны үйл ажиллагааг зогсооход хүргэжээ.
Тэрбээр саяхан Стандарт банкинд 120 сая ам.долларын өртэй гэдгээ өөрийн биеэр мэдэгдсэн.
Жаст группийн эзэмшилд байсан Хадгаламж банкыг ямар ч өр төлбөргүй Төрийн банкинд хүлээлгэн өгсөн гэдгийг Ш.Батхүү албан ёсоор хэлсэн. Гэвч тэрбээр аман дээрээ Төрийн банкинд миний өр хамаагүй гэж хэлж байгаа ч Би банкаа ямар ч зах зээлийн үнэлгээгүй шууд нийлүүлж байгаа учраас төр миний ачаанаас үүрэлцэх байлгүй гэдгийг ч дуулгаад амжив. Хадгаламж банкны өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 200 сая ам.доллар гэдгийг гадны хөрөнгө оруулагчид тогтоосон байдаг. Хувь хүний ийм үнэ цэнтэй капиталыг төр зөв зүгээр авна гэдэг юу л бол. Тиймээс олон банкны эрлэг болоод буй Олон овоот-ын асуудалд төр, Төрийн банк цэг тавих шаардлагатай болж байх шиг байна.
Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад 2005 онд Эрдэс баялагийн зөвлөлөөс баталсан Олон овоот-ын алтны нөөц үнэн эсэхийг дахин нягтлах шаардлага гарч байна. Ингээд уртаас урт хөвөрсөн асуудлын үзүүр эхлэл хэсэгтээ очиж учир нь олдох янзтай. Үүнд мэдээж цаг хугацаа их шаардах нь тодорхой.
Монголын банк, санхүүгийн салбарыг сүйрүүлчих шахсаар яваа Монгол газар-ын Ц.Мянганбаяр, Олон овоот-ын ордын учир хэзээ нэг цэгцрэх нь одоогоор мэдэгдэхгүй л байна.